Куба коронавирусний хоёр дахь вакциныхаа эцсийн шатны туршилтыг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-03-23 11:50:53

ХАВАНА. /TASS/. Кубад гарган авсан коронавирусний “Abdala” вакцины эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатыг эхлүүллээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Уг вакцин нь судалгааныхаа эцсийн шатанд амжилттай хүрсэн Кубын хоёр дахь вакцин юм. 


Кубын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар, зүүн нутгийн Гранма, Гуантанамо, Сантьяго-де-Куба мужуудад дөрөвдүгээр сарын 9 хүртэл үргэлжлэх туршилтад 19-80 насны 48 мянган хүнийг оролцуулна. Вакцины туршилтыг мөн Венесуэлд дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро ням гарагт мэдэгдсэн байна.


Кубад мөн тус улсын "Финли" вакцины хүрээлэнд гаргасан авсан “Soberana 02” вакцинаар эмнэлгийн ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлсэн байна. Кубын мэргэжилтнүүд коронавирусний нийт таван вакцин гарган авчээ.


Коронавирусний халдварын анхны тохиолдол Кубад 2020 оны гуравдугаар сарын 11-нд бүртгэгджээ. Албан ёсны мэдээллээр, 67 мянга гаруй хүн халдвар авч, 63 мянга гаруй өвчтөн эдгэрсэн байна. 

Холбоотой мэдээ