Б.Очирхуяг: МУБИС-ийн оюутан МУИС-ийн хичээлээс сонгон суралцах боломжтой болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2021-03-23 11:40:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчийн их сургуулиуд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд хийх ажлын талаар МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуягтай ярилцлаа.


-Хоёрдугаар сарын сүүлчээр төрийн өмчийн их сургуулиудын захирлууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан талаарх мэдээллийг БШУЯ-наас мэдээлсэн. Юуны түрүүнд энэ санамж бичгийг байгуулах болсон шалтгаан, хүлээж буй үр дүн юу вэ?

-Энэхүү санамж бичгийг төрийн өмчийн их сургуулиуд буюу МУИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС зэрэг зургаан их сургууль хамтран байгуулсан. Бидний хувьд сайн туршлага солилцох, хамтран ажиллах зарчмаар сургалт, судалгааны ажлын чанар үр өгөөжийг нэмэгдүүлэх, аливаа асуудалд нэгдсэн байр суурьтай хандаж үйл ажиллагаа явуулах гээд үндсэндээ дээд боловсролын чанарыг сайжруулах зорилгоор санамж бичгийг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд дээд боловсролын хууль, эрх зүй, их сургуулиудын хөгжлийн бодлого, хүний нөөц, багш, оюутны хөгжлийн бодлого, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, сургалтын үйл ажиллагаа болон бусад асуудлаар нийт 38 ажил хийхээр төлөвлөж, зарим ажлыг эхлүүлээд байна. Их сургууль бүр тодорхой тооны ажлуудыг толгойлж, зохион байгуулах замаар үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн. Санамж бичгийг таван жилийн хугацаатай байгуулсан тул өнөөдөр, маргааш шууд үр дүн гарахаас илүүтэй бодлогын шинжтэй, суурь нөхцөлийг бүрдүүлсэн ажлыг эхний жилүүдэд хийх болно.


-Таван чиглэлээр ажил хийх нь гэж ойлголоо. Дээд боловсролын хууль, эрх зүй, их сургуулиудын хөгжлийн бодлогын хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Энэ чиглэлийн хүрээнд төрөөс боловсролын талаар баталсан холбогдох эрхзүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах санал боловсруулах, их сургуулиудын дотоод үйл ажиллагаанд хэрэглэж буй холбогдох дүрэм, журмын хүрээнд өөрчлөлт оруулах гэсэн үндсэн хоёр чиглэлээр хийх ажлыг төлөвлөсөн. Ойрын хугацаанд Боловсролын болон Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн тухай зэрэг хуулийн өөрчлөлт, шинэчлэлт хийхээр бэлтгэж байна. Дээд боловсролын чанар, бусад асуудлыг сайжруулах хүрээнд эдгээр хуулийн өөрчлөлт зайлшгүй байна. Төрийн өмчийн сургуулиудын хувьд эдгээр хуульд оруулах өөрчлөлт чухал бөгөөд нэгдмэл байр суурьтайгаар асуудлуудыг шийдвэрлэх санал бэлтгэж байна. Төрийн өмчийн сургуулиудын статусыг тодорхой болгох, их дээд сургуулийн ангиллыг шинэчлэх, шаардлагыг өндөрсгөх, судалгааны үр дүнд суурилсан санхүүжилтийг бий болгох зэрэг олон шинэ саналыг хуульд тусгахаар бэлтгэж байгаа. МУИС-ийн хувьд эдгээр хуулиудын үзэл баримтлал бусад өөрчлөлтөд оруулах төрийн өмчийн сургуулиудын саналыг нэгтгэх ажлыг зохион байгуулж байна. Нөгөө талаас санамж бичиг байгуулсан зургаан их сургуульд дээд боловсролын байгууллагад суралцаж буй суралцагчид болон ажиллаж байгаа багш, ажилтнуудын дийлэнх нь бий. Эдгээр сургуульд хэрэглэж буй дотоод эрх зүйн баримт бичгүүд хоорондоо эрс ялгаатай байна. Багш нарт тавих шаардлага, үнэлгээ, хөдөлмөрийн нөхцөл ялгаатайгаас гадна, эрдмийн зөвлөл, захиргаа зэрэг удирдлагын бүтэц, үүрэг, хяналт нь өөр байгааг өөрчилж жишиг баримт бичгээр стандартчилж нэгдсэн бодлогоор хандах, асуудлыг шийдэх шаардлага байна. Үүний үр дүнд оновчтой, зардал багатай засаглалын бүтэц бий болох, багш солилцоо, шилжүүлэн ажиллах эрхзүйн нөхцөл бүрдэх зэрэг давуу тал бий болно гэж харж байна.

-Хүний нөөц, багш, оюутны хөгжлийн бодлогын хүрээнд ямар ажил хийх вэ?

-Их сургуулийн багшид тавих нийтлэг шаардлага өөрчлөгдөж байгаа. Тиймээс бид багш нараа хөгжүүлэх шаардлагатай. Их сургуулиуд өөрсдөдөө байгаа сайн туршлагыг хуваалцах замаар багш нарыг чадваржуулах, чанаржуулах ажлууд хийх болно. Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль 2019 оноос хэрэгжээд эхэлчихсэн. Энэ хуулийн хүрээнд багшийн хөгжлийг дэмжих нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, багш нарыг их сургуулиудад солилцож ажиллуулах, гадаадын нэр хүндтэй их сургуулиас зочин багш, судлаач урих, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэргээр хамтарч ажиллана. Тэтгэлэгт, ассистент, урамшуулалт хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлж чадварлаг, шилдэг оюутнуудыг дэмжих, хөгжүүлэхээр нэлээд ажил төлөвлөсөн.

-Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлд МУИС-иас ямар ажлыг хариуцан ажиллаж байгаа вэ?

-Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд хамгийн чухал зүйл бол бид судалгааныхаа бааз буюу дэд бүтцийг нэн түрүүнд хуваалцан ажиллана. Өөрөөр хэлбэл, судалгааны дэд бүтцийн сүлжээ үүсгэх, судалгааны тоног төхөөрөмж давхардуулж авахгүй байх, энэхүү дэд бүтцэд суурилж нэг чиглэлийн багш нар хамтдаа судалгаа хийх боломжийг бүрдүүлнэ. Үндсэндээ судалгааг давхардуулахгүй, нэг чиглэлээр судалгаа хийдэг багш нар баг болж ажилласнаар илүү үр дүнд хүрнэ. Мөн судалгааны мэдээллийн баазыг нэгтгэх буюу судалгааны үр дүнд бий болж байгаа өгүүлэл, патент, төслүүд, ахисан түвшний суралцагчдын судалгааны ажлууд, цаашлаад номын сан зэргээ нэгтгэх ажлыг төлөвлөсөн. Ингэж нээлттэй болгосноор оюуны өмчийн хулгайгаас сэргийлэх, судалгааны ажлын сэдэв давхардахгүй байх, судалгааны бодит үнэлгээний систем бүрдэх зэрэг эерэг үр дүнг авчирна гэж үзэж байна. МУИС-ийн хувьд Web of Science, Scopus зэрэг олон улсад хянан магадлагаа хийдэг мэргэжлийн сэтгүүлд судалгааны үр дүнгээ хэвлүүлэхэд багш, судлаач, суралцагчдад дэмжлэг үзүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах бөгөөд гадны санхүүжилттэй судалгааны төслийг нэмэгдүүлэх ажилд голчлон ажиллана.

-Их сургуулиудын ижил мэргэж­лүүдийг хаана, зөвхөн нэг сургууль дээр төвлөрүүлнэ гэх мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Дээд боловсролын сургалтын чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил төлөвлөсөн гэдгийг юуны өмнө хэлье. Олон нийт зөвхөн хөтөлбөр давхцуулахгүй гэсэн нэг асуудлыг л хийх гэж байгаа тухай ойлгоод байх шиг байна. Санамж бичиг байгуулсан их сургуулиудын хүрээнд зургаан их сургууль хоорондоо багц цаг, дүнгийн үнэлгээ шатлалыг хүлээн зөвшөөрөх, одоо үзсэн байгаа хичээлүүдийн агуулга, дүнг шилжүүлэн тооцох боломжтой болох юм. Энэ нь оюутнуудын аль нэг их сургуульд үзсэн хичээлийг нөгөө сургуульд хүлээн зөвшөөрүүлэх аргачлал, үнэлгээ бий болгох тухай ойлголт. Мөн эдгээр сургуулийн оюутнууд өөр хоорондоо хичээл сонгож үзэх боломжийг нээж өгч байгаа.

Өөрөөр хэлбэл, МУБИС-ийн оюутан МУИС-ийн хичээлээс сонгон суралцах боломжтой болж байна гэсэн үг. Энэ нь сайн багш, сайн хичээлийг оюутан сонгох боломжийг нээх, тэрхүү үзсэн хичээлийн багц цагийг нь тооцох бүрэн боломжтой болж байгаа юм.

Энэ хоёр ажлыг МУИС хариуцан ажиллаж байна. Таны асуусан зүйл буюу хөтөлбөр давхцуулахгүй байх ажлын хүрээнд юуны түрүүнд төрийн өмчийн их сургуулиудад заагдаж буй ижил хөтөлбөр, ижил нэртэй хичээлүүдийн агуулга, төлөвлөгөө, стандартыг жигдэлнэ. Энэ нь төрийн өмчийн сургуулиудын хэмжээнд нэг хөтөлбөрөөр ижил агуулга, стандарт мэдлэгийг оюутанд хүргэх тухай шаардлага гэж ойлгож болно. Үүний дараа уг хөтөлбөрийн зах зээлийн эрэлт шаардлага, багшлах хүний нөөц, сургалтын орчин зэрэгт тулгуурлан хөтөлбөрийн харьяалал, давхцуулан бэлтгэх сургуулиудыг тодорхойлох ажил хийгдэнэ. Харин хөтөлбөрүүд үнэхээр ялгаатай бол ялгааг тодорхой болгож хөтөлбөрүүдийг өөрчилнө. Бидний хувьд эхлээд БШУЯ-наас баталсан заавал үзэх ерөнхий суурийн хичээлүүдийн агуулга, стандартыг нэгтгэх ажлыг эхэлж байна. Эдгээр хичээлүүдийн сурах бичгийг ч нэгтгэх тухай асуудал яригдана. Хугацааны хувьд бидний төлөвлөснөөр энэ бүх ажилд хоёр жил хүртэлх хугацааг зарцуулна гэж ойлгож байгаа.

-Их сургуулиудын элсэлт удахгүй болно. Их сургуульд элсэгчдэд хамааралтай өөрч­лөх, шинэчлэх ажлыг төлөвлөгөөнд тусгасан уу?

-Элсэлтийн ерөнхий шалгалт шаардлага хангасан хүүхдийг, зөв үнэлж, зохих сургуульд нь оруулж байна уу гэвэл асуудал бий. Тийм ч учраас олон улсын агуулга, үнэлгээг нэвтрүүлэх, их сургуулиуд оюутнаа өөрсдөө үнэлж элсүүлдэг байх тогтолцоог бүрдүүлэх, бэлтгэл ажлыг хангах ажлууд төлөвлөсөн. Эдгээрийг шууд хийх ажлууд биш шүү. Судлах, бэлтгэх хугацаа шаардлагатай. Шат дараатай хийгээд явна гэдгийг ойлгоорой. Мөн төрийн өмчийн их сургуулиуд нийгэмд мэдлэгээр үйлчлэх, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүрэгтэй. Тиймээс шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүтээл, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг нийтэд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ч хамтран ажиллах болно.

 

 

Холбоотой мэдээ