Цаг уурын өдрийг “Далай, уур амьсгал ба цаг агаар” сэдвийн дор тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-03-23 10:46:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЦУБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдрийг Дэлхийн цаг уурын өдөр хэмээн нэрлэж тэмдэглэсээр 71 жил болж байна.


Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2017 онд энэ өдрийг "Дэлхийн болон Монголын Ус, цаг уурын өдөр" хэмээн баталжээ. Дэлхийн цаг уурын өдрийг энэ жил “Далай, уур амьсгал ба цаг агаар” сэдвийн дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.


Энэ сэдвийг сонгосон нь хоёр шалтгаантай. Тухайлбал, цаг агаар, уур амьсгал, агаар мандлын тухай бодохдоо далайг орхигдуулдаг. Гэтэл далай нь дэлхийн гадаргуугийн 70 гаруй хувийг эзэлдэг, цаг агаар, уур амьсгалын гол хөтлөгч хүч, уур амьсгалын өөрчлөлтөд гол үүрэг гүйцэтгэдэг. Иймд Үндэсний цаг уурын албад, эрдэмтэн судлаачдад цаг агаар уур амьсгалын ажиглалт, хэмжилт, урьдчилал тооцоолол, загварчлал, судалгаа, урьдчилан мэдээлэх бүх үйл ажиллагаанд  далайг орхиж, дутуу үнэлж болохгүйг сануулах зорилготой. Учир нь дэлхийн худалдааны 90 гаруй хувийг далайгаар зөөж, хүн төрөлхтний хүнсний нөөцийн 40 гаруй хувийг далайн эргээс нийлүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улам нэмэгдэж буй энэ үед ажиглалт хэмжилт, судалгаа, шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажил урьд урьдаас илүү ач холбогдолтой аж.


Түүнчлэн НҮБ 2021-2030 оны арван жилийг Тогтвортой хөгжилийн төлөө Далайн шинжлэх ухаан гэж нэрлэсэнтэй холбоотой. Энэ хугацаанд далайн шинжлэх ухааныг эрчимжүүлэхийн тулд  тогтвортой хөгжлийг дэмжих үндсэн мэдээлэл хэлбэрээр  шинэ бүтээлч санал санаачилга гаргахыг дэмжинэ.


Далай дэлхийн болон манай орны цаг агаар, уур амьсгалд хэрхэн нөлөөлдгийг энгийнээр тайлбарлажээ. 

Далайд агаар мандлын адил дулаан, хүйтэн урсгал, хуйлралууд бий. Тэдгээрийн агаар мандалд үзүүлдэг нөлөөний хамгийн энгийн жишээ нь Испани, Португал, Франц, Англи зэрэг улс орон Монголтой ижил өргөрөгт түүнээс ч өндөрт байрладаг ч Атлантын далайн дулаан урсгалын нөлөөгөөр манайхаас илүү зөөлөн дулаан уур амьсгалтай. Манай орон далайгаас алслагдсан, эх газрын гүнд оршдог тул хатуу ширүүн уур амьсгалтай юм. Гэхдээ энэ нь манай орны цаг агаар уур амьсгалд далай нөлөөлдөггүй гэсэн үг биш гэдгийг ЦУОШГ-ын мэдээлэлд дурджээ.


Номхон далайд ажиглагддаг далайн гадаргын температур ихсэх, багасах үзэгдлүүд манай орны нутгийн зүүн, зүүн өмнөд хэсгийн зуны улирлын хур бороонд бага зэрэг нөлөөлж байгаа судалгааны дүн байна.


Харин Атлантын далайн хувьд илүү нөлөөтэй байх боломжтой. Учир нь Атлантын далай манай орны агаарын урсгалын салхин дээд талд байрладаг. Хойд Атлантын далайн хэлбэлзэл гэж нэрлэдэг агаарын даралтын орны тогтоцын эрчим Монгол орны хавар, өвлийн улирлын температурт өндөр нөлөөтэйг гадаад дотоодын судлаачид тогтоожээ.


Түүнчлэн, Арктикийн хэлбэлзэл манай орны өвөл, хаврын улирлын температуртай нэлээд хамааралтай гэх мэт шууд болон дам нөлөөлөл маш элбэг. Энэ бүхнийг судалж нарийвчлан тогтоох шаардлагатай тул Дэлхийн Цаг уурын өдөр эдгээр ажилд анхаарлаа хандуулахыг сануулж байгаа аж.

Холбоотой мэдээ