Тэдний нөхөрлөл Монголын сансрын нислэгийн түүх юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-21 08:09:15

                                                -Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд-

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгээр Монгол хүн анх сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Энэ өдрүүдэд Монголын сансрын нислэгийн анхны багийн гишүүд тэртээ он жилүүдийг “Тэмүүлэл” нэвтрүүлгээр дурсан ярилаа. 

Монголын сансрын нислэгийн анхны багийн гишүүд бол БНМАУ, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, сансрын нисэгч М.Ганзориг, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, хурандаа С.Сайнцог, Монгол Улсын Төрийн шагналт, хүний гавьяат эмч, академич багийн эмч Л.Лхагва, Монгол Улсын гавьяат нисэгч агсан Д.Сүрэнхорлоо нар юм. Ярилцлагад Ж.Гүррагчаа, С.Сайнцог, Л.Лхагва нар оролцов.


Монголын сансрын нислэгийн түүхийг өгүүлэх ганц багийн олон дурсамжаас...


-Монгол хүн сансарт нисэх яриа ажил хэрэг болох эхний өдрөөс та бүхний үерхэл нөхөрлөл эхэлсэн гэж сонссон. Энэ цаг үеэ эргэн дурсана уу?

Ж.Гүррагчаа: -Биднийг цуглуулсан хүн бол Л.Лхагваа эмч. Биднийг яах гэж цуглуулаад шинжилгээ авч, яриа хийж байсан талаараа Та эхлээд ярина уу?

Л.Лхагва: -1977 оны 3 дугаар сард сансрын нисэгчдийг сонгон шалгаруулах ажил эхэлсэн юм. Ингээд тооцохоор бидний нөхөрлөл 44 жил болжээ. Бид сансрын баг бүрдүүлэх гэж 10 мянга гаруй хүний материал судалсан юм. Тэндээс шүүж байгаад эхний ээлжинд 30 хүнийг эмнэлгийн нарийн шинжилгээнд оруулсан. Хоёр дахь шатанд 4 хүн тэнцсэний гурав нь байлдааны нисэгч цэргийн дунд боловсролтой залуус байлаа.

1977 оны 8 дугаар сард олон улсын сансрын нислэгийн “Интеркосмос” байгууллага (хөтөлбөр)-ын хурал Улаанбаатар хотод болж манай шалгарсан 4 хүнтэй уулзсан юм. Ингээд гурвыг нь мэргэжил, боловсролоор тэнцэхгүй гэж хасаад дахин 3 хүн олох зөвлөмж бүхий үүргийг бидэнд өгсөн юм.


Хоёр дахь шалгаруулалт нэгдсэн зөвлөгөөний дараа болж 13 хүн ирсэн. Өөрсдөө ирэхээсээ илүүтэй бид очиж уулзаж санал тавьж шалгаруулалтад оруулж байсан. Ингээд 13 хүнийг Нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт эрүүл мэндийн нарийн үзлэгт оруулж эцсийн шатанд 3 хүн үлдсэн. Өмнө нь шалгарсан Д.Сүрэнхорлоо дээр Ж.Гүррагчаа, С.Сайнцог, М.Ганзориг нар нэмэгдсэн. Гурав нь цэргийн, нэг нь энгийн байсан. Тэдний бие хаа, царай зүс гэж сайхан, цэргийн хувцас нь маягтай зохино. Хүүхнүүд дурлахаар тийм сайхан залуус байсан (инээв).  Тэдний төлөөлөл өнөөдөр энд сууж байна.

-Сансарт нисэхэд яг ямар мэргэжлийг чухалдаг юм?

Л. Лхагва: -Тэр үед ЗХУ-аас бидэнд өгсөн сонгон шалгаруулах заавар зөвлөмжөөр инженерийн болон агаарын хөлгийн нисэгч мэргэжилтэй хүмүүс хэрэгтэй байсан. 

-Эрүүл мэндийг хэр шалгаж байв. Их нарийн байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Эрүүлийг хамгаалахын сайд Д. Ням-Осор гуайгаар ахлуулсан Сансрын нисэгчдийн эрүүл мэндийг хянан шалгах комисс байгуулагдсан. Бүрэлдэхүүнд нь нүд, арьс өнгө, мэс засал гээд төрөл бүрийн, улсдаа нэгд ордог, анагаахын салбарын шилдэг эмч нар байлаа. МУИС-ийн 1947 оны анхны төгсөгч, манай анагаахын алтан үеийн эмч нар байсан. Тэдний өмнүүр өвчтэй хүн тэнцээд гарах ямар ч боломжгүй.


Л.Лхагва: Сансрын баг бүрдүүлэх шалгаруулалтад 10 000 хүний

материал ирснийг бид судалж байсан


-Бид багадаа сансрын нисэгчдийг хараад ямар гоё юм хэмээн ийм хүн болох гэж боддог байлаа. Сонгон шалгаруулалтад царай зүс, бие бялдрын хөгжлийг нь их харж байсан уу?

Ж. Гүррагчаа: -Тэр царай зүс харсан нь худал байх аа. Тийм бол би яаж тэнцэх юм.

Л. Лхагва: -Сонгон шалгаруулалтад их олон хүний материал ирж байсныг би дээр дурдсан. Намтарт хавсаргаж ирүүлсэн зургийг мэдээж харна. Зөв төрхтэй гэж одоо яриад байгаа тийм хүмүүсээ сонгон авч, бусад зүйлээр тэнцэж байгаа эсэхийг нь нягталж үзнэ. Гүррагчаагийн хэлж байгаа үнэн л дээ.

Манай сансрын нисэгчид царайлаг сайхан залуучууд байсан. Энэ Гүрээ өөрийгөө их царай муутай гэж яриад байгаа. Гэвч тухайн үедээ царайлаг залуучуудын тоонд зүй ёсоор орж байсан хүн. Ер нь манай монгол залуучууд эрүүл саруул, их сайхан. Манай С.Сайнцог байна, битүү халимагтай, цэргийн хувцас нь янзын зохино. Бас л жавхаатай эр байсан. Д.Сүрэнхорлоо, М.Ганзориг хоёр ч ялгаагүй, маш сайхан залуучууд. Өнөөдөр сайхан өвөгчүүл болчихоод сууж байна (инээв).

-Ж.Гүррагчаа баатрын хувьд эрүүл мэндийн үзлэгт тэнцэнэ гэсэн итгэл үнэмшил хэр байв?

Ж. Гүррагчаа: -Бид чинь цэргийн хүмүүс. Тийм учраас эрүүл мэндийн хувьд байнга хяналтад байсан. Хөдөө эрүүл саруул орчинд өссөн учраас аливаа өвчин эмгэгийн тухай ямар ч бодолгүй л шалгуулж байлаа. Залуу хүмүүст хүсэл эрмэлзэл, зориг гээд бүх л зүйл байж таарна. Тийм л сайхан насандаа учирч өвгөн болтлоо нөхөрлөж явна даа бид. Д.Сүрэнхорлоо маань бурхны оронд очсон ч хэлж байсан үг, үйлдлүүд нь бидний сэтгэл зүрхэнд үргэлж хамт байдаг. 

Ер нь эрүүл мэнд хамгийн чухал гэж үзээд бүх талаар нь шалгаж байлаа. Цус, шээс, нус, цэр, хөлс гээд бүх зүйлээс шинжилгээ авдаг. Сүүлд Москвад очсон хойно ачааллын шинжилгээ гэж хийлгэсэн. Хүний биед ачаалал өгөхөд бие организм яаж хүлээн авч байна гэдгийг тандан судалж байгаа нь тэр юм. Центрифуг гээд хүчтэй эргүүлэг дотор суулгаад гаргаж ирэхээр нь шинжилгээ авна. Энэ мэт олон туршилт тандалтыг хийнэ шүү дээ.


-Тэр үед Монголд сансрын нислэгийн техникийн бэлтгэл сургуулилт хийх боломж байсан уу, Орост очоод шууд ийм туршилтад ороход хэр хүнд байсан бол? 

-Ер нь амаргүй. Биднээс гадна социалист орнуудын бусад нисэгч нар хамт бэлтгэл сургуулилт хийж байсан. Туршлагатай нисэгчид ч гэсэн хамт хийнэ. Нус суга үсрээд хамар дээр наалдах бол наад захын зүйл. Нүд, ам нь сонин болсон, зовхи нь доошоо унжчихсан янз янз болчихсон байх царайг зөндөө харж байсан. Гол нь ухаан алдаж унахгүй байх нь чухал. Центрифугт суугаад нэг л ухаан алдвал сансарт нисэх гэдэг өнгөрнө гэсэн үг. Армийн нисэгч ч ялгаагүй, нэг удаа ухаан алдвал ажлаа өгөхөөс өөр замгүй. Тийм л хүнд ширүүн дасгал сургуулилтыг давсан даа.

С. Сайнцог: -Юунаас ч буцахгүй залуу насны эрч хүч, эр зоригоор тэсэж, тэвчиж гарч байсан. Тэр үед бидэнд ийм байдаг, тийм байдаг гэж зааж сургаад байх хүн байхгүй. Ерөнхийдөө "харанхуй" хүмүүс л ЗХУ-д очсон. Сансар судлалын эхэн үед өсөж өндийсөн болохоор бидэнд сурч мэдэх гэсэн чин хүсэл сэтгэл их байсан. Мэдээж эрсдэл, хүндрэл гарах нь бий.

Сансрын хөлгийг 99.99 хувийн баталгаатай хийхэд, сансрын хөлөгт 1500 орчим эвдрэл гэмтэл гарах магадлалтай гэж ярьдаг.

Ийм зүйлд эр зориг, эрдэм ухаанаа зориулан ажиллана гэдэг бол яах аргагүй баатарлаг үйлс. Тийм учраас ЗХУ сансарт ниссэн өөрийн улсын иргэн болон хамтран ниссэн холбоотон улсын иргэдээ баатар цолоор шагнаж урамшуулдаг байсан. Зарим хүмүүс зүгээр байдаг л шагнал урамшуулал мэтээр ойлгож болох юм. Гэвч энэ бол яах аргагүй баатарлаг үйлс. Өнөөдөр сансарт нисэх нь төвөггүй, жуулчид нисэх боломжтой гэж яриад байгаа боловч яг бодит байдал дээр маш их эрсдэл байсаар л байна.

-Л.Лхагва докторын хувьд, 10 мянга гаруй залуугаас шалгаруулж авсан дөрвөн сансрын нисэгчээ өндгөө дарж байгаа шувуу шиг л анхаарч халамжилж эрүүл мэндийг нь хамгаалж байсан болов уу? 

Л.Лхагва: -Биднийг Зөвлөлтийн “Оддын хотхон”-д байрлуулаад байнга хамт байлгах талаар ШУА-аас ярьж байсан. Харин олон улсын туршлагаас үзэхэд тэгэж хамт байрлаж байгаагүй учраас бидний хамт байх талаар шийдвэр эцэслэгдэж гараагүй. Миний хувьд олон удаа нааш цааш явж, Сансар судлалын хүрээлэнд байрлаж байсан ч дандаа холбоотой ажиллаж байсан. Мэдээж “Оддын хотхон”-д эмч мэргэжилтнүүд ажиллаж, тэднээс мэдээ судалгаа авч боловсруулах ажил хийнэ. Улирал тутамд нарийн шинжилгээ хийж, түүний үр дүнг нь нухацтай ярилцана.

-Ж.Гүррагчаа баатрын хувьд 3 жил бэлтгэл сургууль хийж байж сансарт ниссэн. Өдөр болгон нэг зүйлээ давтаж хийх үү, аль эсвэл өөр өөр байсан уу гэдэг манай уншигч, сонсогчид сонин байх?

Ж.Гүррагчаа: -Тэр үед сансрын нисгэгчдийг бэлтгэх “Оддын хотхон” төвд ЗХУ-аас туршлагатай багш, чиглүүлэгч мэргэжилтэн нар ирж ажиллаж байсан. Бидний байх үед сансарт хүн нисээд 20 жил болоод байсан учраас хаана, хэзээ ямар сургууль хийхээ нарийн тооцож гаргаад, төлөвлөгөөний дагуу явдаг байлаа.

1981 оны 3 дугаар сарын 22-нд сансрын хөлөгтөө суугаад сансарт хөөрөх мөчид ямар сэтгэгдэл төрж байсан тухай хүүхэд залуучууд, сэтгүүлчид их асуудаг. Яг тэр үед өдөр тутмынхаа дасгал сургуулилтыг хийж байгаа юм шиг л санагдаж байсан. Энэ нь урт хугацааны системтэй бэлтгэл сургуулийн ач тус болов уу гэж боддог.

Гурван жилийн хугацаанд байнгын сансрын хөлөгт суугаад бэлтгэл хийгээгүй нь ойлгомжтой. Эхлээд онолоо үзэж судална, биеийн тамирын дасгал сургуулилтыг ачаалалтай хийнэ. Бас бусад салбарын талаар, сансарт турших хөтөлбөрүүдээ судалж мэдэх гээд олон ажил байсан. Үүний хажуугаар жингүйдлийн орчинд дасгах сургуулилтыг өдөр бүр хийдэг байлаа. 

-Тэр гурван жилд гэртээ, эх орондоо ирж байв уу?

-М.Ганзориг бид хоёр эх орондоо 3 удаа ирж байсан. 1977 оны Улсын их баяр наадмын үеэр нэг ирсэн. Дараа нь 1978 оны намар ирж туршилт хийж байсан. Дасгал сургуулилт хийх хугацаандаа онгоцоор эх орныхоо дээгүүр олон удаа нисэж судалгаа туршилт хийж байсан. Тухайлбал, газрын гадаргууг ижил түвшнээс зургийг нь авах, онгоцноос авах, сансраас авахад ямар өөрчлөлт гарч байгааг, юуг олж мэдэж болохоор байгааг харьцуулан судалж байсан хэрэг. 

-С.Сайнцог хурандаагийн хувьд хэр удаан бэлтгэл сургуулилт хийсэн бэ?

С.Сайнцог: -Миний хувьд нэг их удаагүй. Сар гаруйн хугацаанд бэлтгэл сургуулилтад хамрагдсан. Энэ хугацаанд сансрын бүхээгт яаж ажиллах, жингүйдлийн орчинд бие организм хэрхэн өөрчлөгддөг гээд бүхий л сорилт туршилтад орсон. Тухайлбал, 17 градусын налуу орон дээр толгойгоо доош нь харуулж хэвтээд хоолоо иднэ. Ингэхэд хүний толгойд цус хуралдана. Нүд улайж, нүүр чинэрнэ. Ийм нөхцөлд хэр хурдан дасан зохицох гэдгийг нь тандаж судална. Ингэхэд 2-3 хоноод харьцангуй гайгүй болчих жишээтэй. Мөн хүчтэй чичиргээ доргионы үед хүний дотор эрхтэнд өөрчлөлт гарах эсэхийг туршиж үздэг байсан. Ингэхэд бидэнд нэг их өөрчлөлт гарч байгаагүй.


Хар багаасаа морь унаж өссөнтэй холбоотой байх. Тэр бүхэн нөлөөлсөн гэж боддог. Монголчуудын бөөр цөс чулууждаггүй байсан нь мөн байнга чичиргээ доргиотой уналга унаа хэрэглэж байсантай холбоотой байж мэдэх юм. Мөн хүчтэй савлуурт суулгаад эргүүлж тойруулна, тусгай амны хаалт зүүлгээд хүчилтөрөгч нэмж, хасаж туршина. Ингэхэд нам дор газар нутагтай зарим улсын сансрын нисэгчид муужирдаг байсан. Олон тийшээ хүчтэй савалдаг төхөөрөмжид суусан хүмүүсийн царай цайх, тэнцвэрээ алдах тохиолдол гарч байсан ч бидэнд ноцтой өөрчлөлт мэдэгдээгүй. Бидний ихэнх нь хөдөө гэрт унинаас өлгөөтэй уяулж, зүүгдэж өссөн болохоор тийм зэргийн туршилтыг торохгүй гарахад нөлөөлж байсан биз. Тэр үед 4-5 улсын сансрын баг бэлтгэл сургуулилт хийж байсан.

Л. Лхагва: -5000 м өндөр уул руу, секундэд 5 метрийн хурдтай өгсөх хэмжээнд агаарын найрлага, даралтуудыг өөрчилж, туршдаг. Ийм туршилтын ард манай нисэгчид ухаан алдаж унах нь битгий хэл бараг инээсээр гарч ирдэг байлаа. Тэгэхэд орос эмч нар гайхаад, "Танай энэ хүмүүс чинь төмөр шиг бие хаатай, ямар сонин юм бэ" гэдэг байсан.


Тэр хүчтэй доргио чичиргээний туршилтад орж сэгсрүүлсний дараа шинжилгээ авна. Ихэнх тохиолдолд шээс нь цустай гарна. Манайхан харин зүв зүгээр. Мөн манайхны шүд, нүдийг нь хараад гайхдаг байсан. Тэр үед монголчуудын бие маш сайхан байж, манай шалгаж сонгосон баг ч сайн ажилласан гэж боддог.



-Ж. Гүррагчаа баатрын хувьд 1978-1981 он хүртэл өөр улс оронд, хатуу хүтүү  бэлтгэл сургуультай байхдаа эцэг эх, эх орон, найз нөхдөө хэр санаж байв?

Ж. Гүррагчаа: -Манай М.Ганзориг бид хоёр гэр бүлээрээ ЗХУ-д очсон байсан. Манай улсын ЭМЯ-наас биднийг байнга анхаарч ажиллаж байв. Тэгээд орос ах нартайгаа найз болчихсон. Хүндрэл бэрхшээлтэй зүйл байвал хэлж уламжлаад шийддэг байлаа. Сансрын багийн гишүүд юм үзэж нүд тайлсан, соёлтой хүмүүс байсан учраас биднийг сургах, чиглүүлэхэд ямар ч асуудал байгаагүй. Бусад улсын багийн гишүүдтэйгээ хамт бэлтгэл сургуулилт хийдэг учраас бас их ойр дотно.

Ганаатайгаа байнга хамт байдаг байлаа. М.Ганзориг маань их тайван, хэр баргийн зүйлд годгонож сүр болоод байхгүй, монгол хүний гүндүүгүй зантай хүн. Нэг том хүрэн цүнх бариад хичээлдээ явдаг. Би нэг удаа тэр цүнхэнд нь алх хийгээд орхичихлоо. Мэдсэн ч юмгүй хичээлдээ явж ирчихээд маргааш нь “Чи миний цүнхэнд алх хийчихдэг нь яаж байгаа юм бэ” гээд инээд алдах жишээтэй.

Бид 3 жил хамт байхдаа шантарч цуцаад буцдаг юм уу, яах вэ гэж санаа чилээж байсангүй. ШУА-ийн ерөнхийлөгч байсан Б.Ширэндэв гуай мундаг сайхан захиас даалгавар өгч байсан.

Ю.Цэдэнбал дарга хүлээн авч уулзаад “За хичээгээрэй хүүхдүүд ээ. Монгол хүн сансар нисэх их үйл хэрэг та бүхний итгэл зүтгэлээс шалтгаална. Монгол улсын нэр хүнд та бүхнээс шалтгаална” гэж аминчлан захиж байлаа.

Тэр үед Засгийн газрын бүх гишүүн сансрын комисст орж ажиллаад онцгой ач холбогдол өгч байсан. Ийм их захиа даалгавартай, итгэл хүндлэл хүлээсэн хүмүүс хичээхээс өөр яах вэ.

-Бид сансрын нисэгчдийг вакум орчинд харуул хамгаалалтын дор идэж уух, өмсөж хэрэглэх, явж суух бүр нь заавар зөвлөмжийн дагуу байдаг байх гэж боддог байлаа. Харин та бүхний ярианаас арай өөр байж гэж олгож байна.

-Ерөнхийдөө нууцын зэрэглэлд хийж байсан ажил. Тэр аймгийн тэр суманд төрсөн, тийм мэргэжилтэй хүн сансарт нисэхээр бэлтгэгдэж байна шүү гэдгийг тэр бүр мэдээлж байгаагүй. Тийм ч учраас биднийг Монголд байх хугацаанд хардаг харгалздаг хүн байсан. Их л анхаарал халамжийн доор бэлтгэгдэж байв. Ганаа бид хоёр Монголоос Зөвлөлт рүү явахад, тэндээс ирэхэд хоёр өөр онгоцоор тус тусад нь үйлчилдэг байлаа. Хоёр хүн бэлтгэж байгаагийн учир тэр. Нэг нь аюул осолд орлоо гэхэд дараагийн хүн нь байж байх ёстой. Цаг хугацаатай, эртнээс төлөвлөж байсан учраас маш болгоомжтой хандаж байж.


Л. Лхагва: -“Оддын хотхон”-оос Байконур руу нисэхэд ч манай хоёрыг өөр өөр онгоцоор авч явж байсан. Нэг удаа Гүрээ бид хоёр нэг онгоцонд нисэгчид, сургагч багш нар, ганц нэг албаны хүмүүс гээд маш цөөхөн хүнтэй нисэж байлаа. Гэтэл онгоц яг буухын өмнө буцаад нислээ. Гайхаад тэдний яриаг сонсож байтал тухайн онгоцны дугуй нь бүрэн буухгүй ч юм уу нэг бэрхшээл гарсан учраас шууд буцаад өөр онгоцонд суугаад дахиж нисэж байсан. Тэр үед бэлтгэл сургуулилтыг нь дэргэдээс нь харж байлаа. Сансрын бүхээгт суулгаад түймэр гарлаа, эвдрэл гэмтэл гарлаа гээд сургагч багш нар нь үүрэг даалгавар өгөөд янз бүрийн бэрхшээл саадыг бий болгож, түүнээс гарах даалгавар өгч байгаа харагддаг байсан.

Ж.Гүррагчаа: -Сургуулилтын ихэнх хэсэг нь тэр. Саад бэрхшээл тулгарлаа гэхэд тэндээс гарах нь бидний үүрэг. Гэхдээ гарах заавар зөвлөмжийг шууд хэлж өгөхгүй. Ер нь аюулгүй ажиллагааг маш сайн анхаарч байсан. Ганаа бид хоёр онгоцоор нисэхдээ байнга тус тусдаа явж байгаад 1981 оны 5 дугаар сарын 5-нд эх орондоо ирэхдээ хамт нэг онгоцонд суусан юм.


-Сансрын нисэгчдийг бэлтгэх сургуулилтад 4 залуу хамт яваад хоёр нь буцах болоход бас хүндхэн байсан болов уу?

Л. Лхагва: -Монголчууд их өрөвч, сониуч улс. Болж өгвөл шалгараад явсан 4 залууг бүгдийг нь сансрын хөлөгт суулгаад нисгэх санаа байсан байх. Ер нь  дөрвүүлээ л бүх сорилтыг давсан. Даанч нэг л хүн нисэх учраас хасаж таарна. Тэгээд Сайнцог, Сүрэнхорлоо хоёрыг хасаад Ганзориг, Гүррагчаа хоёрыг үлдээгээд бэлтгэл хийж эхэлсэн. Дараа нь Ганзоригийг үлдээгээд Гүррагчааг нисгэх шийдвэр гарч байсан.

Би нэг их юм үзсэн хүн болж тэр үед үлдэж байгаа залуучууддаа хандан “Сансарт нисэх ч сайхан, эх нутагтаа үлдэх ч сайхан” хэлж байсан. Учир нь сансарт ниснэ гэдэг нь ямар ч аюул осолгүй ажил биш. Маш их эрсдэл дундуур явна. Очих замдаа яах вэ, очоод ямар нөхцөл угтах билээ, буухдаа яах билээ гэж. Манай нутгийн нэг хүн “Гүррагчаа ямар сүрхий хүүхэд вэ. Галтай нисээд явчих юм” гэж хэлж байсан. Энэ бол онож хэлсэн айхтар үг. Яг л галын үзүүр дээр байгаа юм шиг тийм аюултай алхам хийж байгаа юм.

-С.Сайнцог хурандаагийн хувьд эх орноосоо явахдаа сансарт ниснэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй яваад эрүүл мэндийн багахан шалтгаанаар хасагдаад ирсэн гэдэг. Тэр үед ямар байсан бэ?

С.Сайнцог: -Мэдээж хүнд хэцүү мэдрэмж төрж байсан. Гэхдээ бидэнд социалист орнуудаас ирсэн дөрөв дөрвөн залуугаас хоёр хоёр нь үлдэж бэлтгэлд орно, нэг нь ниснэ гэдэг нь ойлгомжтой байсан.

Бид хоорондоо “Тэр шалгаруулалтад тэнцэхгүй балрах вий. Ядахдаа хоёр нь заавал тэнцэх хэрэгтэй. Нэг нь сансарт заавал нисэх юм шүү” гэж ярьж, хичээж байсан. Тэр зорилго маань бүтсэн учраас бүгд л баяр хөөртэй байсан.

Монгол Улсын шилдэг эмч, эрдэмтэд, сайд дарга нар бүгд онцгой ач холбогдол өгч байсан ажил. Бид дөрөв шалгарч үлдээд хойшоо явахдаа Улс төрийн товчоогоор орж байсан. Тэр үед сайд дарга нар бидний тухай мэдээллийг сонсоод санал бодлоо илэрхийлсний дараа зураг авахуулсан юм. Тэгэхэд Улс төрийн товчооны гишүүд араар суугаад Ж.Гүррагчаа, Д.Ганзориг, Д.Сүрэнхорлоо, Л.Лхагваа эмч бид хэд Ю.Цэдэнбал даргын хоёр талаар хуваагдаж суугаад зургаа авахуулж байсан. Энэ зураг эх хувиараа олдох юм бол их зүйлийг өгүүлнэ.


Ж.Гүррагчаа: -Дөрвүүлээ хойно очоод хоёр нь буцах тэр үед би хувьдаа нэг их юм бодож сүйд болоогүй. Мэдээж хүсэл мөрөөдөлтэй байгаа найз нөхдөд минь хүнд байсан нь ойлгомжтой. Тэгээд Ганаа бид хоёр үлдээд бэлтгэл сургуулилтаа 3 жил мөр зэрэгцэж хийгээд яг сансрын хөлөгт суух хүнээр би тодорч найз маань үлдэж байхад их зүйл бодогдож байсан. Миний найз үнэхээр баатарлаг байсан. Өнөөдөр эрүүл мэндийн шалтгаанаар энэ нэвтрүүлэгт орж чадаагүй ч гэсэн бидний хажууд сууж байгаа юм шиг тийм л сайхан хүн.    

Энд би Монголынхоо ард түмэнд нэг зүйлийг хэлье. Сансарт нисэх шалгаруулалтыг хийхэд Монголын талын оролцоо маш бага байсан. ЗХУ-ын сансар судлалын баг, бэлтгэл сургуулилтыг удирдаж, санал дүгнэлтийг голлон гаргасан байх. Манай талаас нарийн ширийн зүйлийг Адъяа дарга мэдэж байсан байх. Бид сансрын нэг, хоёрдугаар баг гээд бэлтгэл сургуулилтаа хийж байсан. Тэгээд 1981 оны гуравдугаар сарын 20-нд сонгон шалгаруулалтын комисс дүнгээ танилцуулж, манай багийг сансарт нисэх болсныг дуулгаж байсан.

Л.Лхагва: -Манай хоёр хоёулаа хамт бэлтгэл сургуулилт хийж, хатуу ширүүнтэй нүүр тулж байгаад нэг нь нисээд, нөгөөх нь торойгоод үлдэхийг харахад нулимс гардаг юм билээ. М.Ганзоригтой дарга нар нэг их ойртож юм ярихгүй би л дэргэд нь байсан. Тэр үед сансарт нисэх нь ямар хатуу гэдгийг бас харж байсан. М.Ганзоригтой хамт байсан багийн ахлагч В.А.Ляховын ээж нь өнгөрчихсөн байсныг 2-3 хоног нууж байгаад сансрын баг ниссэний дараа хэлж байгаа юм. Тэр харамсалтай мэдээг сонсоод В.Ляхов нулимс унагаж байсан ч нэг сүрхий амьсгаа аваад бие барьсан. Тэгэхэд нь В.Шаталов генерал “Битгий уйл, чамайг нисэж чадаагүй болохоороо уйлж байна гэж бодно шүү” гэж хэлж байсан гэдэг.

Сэтгүүлч Д.Даваадулам

Ярилцлагад сансрын нислэгийг сурвалжилсан МОНЦАМЭ агентлагийн

ахмад гэрэл зурагчин С.Батсүхийн зургуудыг оруулав

Холбоотой мэдээ