"Сансрын нисэгч ах аа, сайн яваад ирэв үү" дуу 40 дэх жилдээ эгшиглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-03-23 13:38:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт анх нисэж, 8 хоногийн дараа нь буюу 3 дугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан түүхэн үйл явдал 40 жилийн өмнө тохиож байв. 


БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт ниссэн билээ. 


Тэднийг онгоцноос буухад "Сансрын нисэгч ах аа, сайн яваад ирэв үү" хэмээн хүүхэд багачуудын цангинасан хоолойгоор дуулсан "Угтагчийн дуу"-гаар тосож авсан гэдэг. Энэ нь Ардын хувьсгалын 60 жилийн ойг тохиолдуулан зарласан дууны уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээл аж. Энэхүү дууны үг, аяыг СГЗ Р.Энхбазар зохиож, "Улаан бүч" чуулга дуулсан юм. Уралдаанд 30 гаруй дуу "уралдсан"-аас мөн СГЗ Р.Энхбазарын ая, СГЗ, яруу найрагч П.Сандуйжавын шүлэг "Од болон зүрхэнд хоногшлоо" дуу тусгай байр эзэлж байжээ. Уг дууг эстрадын дуучин С.Баянмөнх дуулж олны хүртээл болгосон юм. Түүнчлэн Ж.Гүррагчааг эх дэлхийдээ газардахаас хоёр гуравхан хоногийн өмнө мөн П.Сандуйжавын "Ээжийн хоёр хүү" шүлэгт СГЗ Р.Энхбазар ая хийж Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл дуулжээ. Ингэснээр сансрын сэдэвт, олон түмэнд хамгийн их түгсэн гурван дуу мэндэлсэн түүхтэй аж.


Ташрамд дурдахад, монгол хүн сансарт ниссэн өдрийг бэлгэшээн монголчууд тухайн үед төрсөн хүүхэддээ од гараг эрхсийн нэрийг хайрлаж байсан билээ. Тухайлбал, Сансар, Огторгуй, Гүррагчаа нэртэй хүүхдүүд өдгөө 40 нас хүрч байна.


Хүн ам, өрхийн мэдээллийн санд энэ сарын 22-ны өдрийн байдлаар, Гүррагчаа нэртэй 603, Сансар нэртэй 499, Сансармаа нэртэй 632, Од нэртэй 505, Огторгуй нэртэй 35, Эрхэс нэртэй 4598 хүн байна.



Холбоотой мэдээ