Гол мөрөн, нуурын мөс нимгэн байгааг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-16 12:37:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний төвөөс мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна.

Цаг агаар дулаарч жижиг голууд хайлж зарим гарам, гарцаар их хэмжээний халиа тошин үүсэж байгаа учир гол гатлах буюу мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулжээ. Усны харуулын судалгаатай гол, мөрөн, нуурын энэ сарын 10-ны өдрийн ажиглалтыг олон жилийн дунджийн мөн үеийнхтэй харьцуулахад  мөс нимгэн тогтоцтой байна. Сэлэнгэ мөрний мөс Хялганат  тосгоны орчмоор олон жилийн дунджаас ялимгүй зузаан байгаа аж.

Одоогийн байдлаар усны харуулын мэдээллээр Хангал сумын Жаргалант голын мөс 38, Тэшиг сумын Эг голынх 105, Харгал нуурынх 73 см зузаан байгаа нь мөн үеийн олон жилийн дунджаас 17-57 см-ээр нимгэн байгаа аж. Түүнчлэн Орхон, Эрэн, Тарвагатай, Хануй зэрэг томоохон голын мөс нимгэн цөмрөх аюултай байгааг ус цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Холбоотой мэдээ