И.Алтанцэцэг: Хувцас оёно гэдэг миний хувьд хамгийн сайхан ажил
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цор ганц үйлдвэрлэгдсэн, дахин давтагдашгүй, чанартай хувцсаар өөрийн загварыг тодорхойлдог охид эмэгтэйчүүд аймгийн төв дэх “Гэгээ” салоныг зорьдог. Тус салоныг үүсгэн байгуулагч И.Алтанцэцэгтэй ярилцлаа.
Сайн
байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад та
өөрийгөө танилцуулна уу?
Баярлалаа. Та бүхэндээ болон энэ
ярилцлагыг уншиж байгаа уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Игорийн Алтанцэцэг гэдэг.
“Гэгээ” салоныг үүсгэн байгуулаад удаагүй байгаа. Мэргэжлээрээ олон
жил ажилласан. 2005 оноос эхлэн Өвөрхангай аймагт хувиараа хөдөлмөр
эрхэлж байна.
-Та
ямар мэргэжилтэй вэ, хувийн
бизнесээ эхлүүлэхээс өмнө ямар ажил эрхэлдэг байв?
-Би оёдлын технологич
мэргэжилтэй. Ер нь хазайгаагүй дээ,
энэ мэргэжлээсээ. Багаасаа оёдол сонирхдог байсан. Тэр чиглэлээрээ сураад,
ажиллаад гучаад жил болж байна даа. Хувцас оёно гэдэг миний хувьд хамгийн сайхан ажил.
Урласан хувцсыг минь үйлчлүүлэгч өмсөөд явах, тухайн хүнд
таарсан, зохисон байхыг харна гэдэг нь мэргэжлийн маань бахархал. Орчин
үед хүмүүс их ганган болж. Өөртөө зохисон, загварын хувьд цор ганц хувцас
өмсөх сонирхол,
хандлага их болсон байна.
-Анх оёдлын үйлдвэрлэл эхлүүлэхдээ техник тоног төхөөрөмж, ажлын
байр, санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн зохицуулж байв? Хувийн бизнес
эхлүүлэхэд тийм ч амар байдаггүй шүү дээ?
Би
Унгар улсад оёдлын чиглэлээр
ажилладаг байлаа. Итали брэндийн хувцас
оёдог үйлдвэрт ажиллаж байсан юм. Тэндхийн технологийн инженер
залуу хувийн сургуультай. Ажлын хажуугаар хичээл заадаг гэсэн
үг л дээ. Тэр сургуульдаа намайг сураач гэж урьсан юм. Тухайн үедээ би үйлдвэртээ сайн ажилчдын тоонд ордог
байсан л даа. Тэгээд тэр
сургуульд сурч, оёдлын технологич мэргэжилтэй болсон.
Багш маань үнэхээр хөдөлмөрч, сурах орчин нөхцөлийг бүх талаас нь хангаж, чин сэтгэлээсээ маш сайн заадаг хүн байв. Ингээд суралцах хугацаандаа оюутнуудыг цагийн ажилтнаар авч хувиараа юм
оёдог байсан. Унгар улсад арваад жил ажиллаж, цуглуулсан мөнгөөрөө л тоног төхөөрөмжөө худалдаж авсан.
2005 онд аймагт зах зээл бага, хүмүүс оёмол хувцсанд дуртай биш, одоогийнхтой харьцуулшгүй байлаа. Анх хүмүүсийн багадсан, томдсон гээд өмсдөггүй хувцсыг авч, засвар хийж эхэлсэн. Хажуугаар нь хувь хүмүүс, албан байгууллагын захиалга аваад дараа нь 2, 3 хүнийг ажлын байраар хангаад жил жилд өсч ирсэн дээ.
-Өвөрхангайд оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад
эрэлт,
хэрэгцээ хэр байдаг вэ? Аймгийнхан таныг харьцангуй мэддэг
болсон гэж миний хувьд бодож байна.
-Би
ч бас санал нэг байна. Тогтмол үйлчлүүлдэг олон хүн бий. Сумдаас ч захиалга өгдөг. Зах зээлийн хувьд нийслэлтэй
харьцуулахад бага. Гэхдээ энд тайван амьдрал байна. Ажлын байр гэхэд саруулхан, дулаахан тохитой, боломжийн түрээстэй. Энэ
нөхцөл нь орон нутагтаа суурьшихад минь нөлөөлж
байгаа. Гэхдээ зах зээлийг хаанаас ч хийж болно. Хөдөө ажиллаж байгаа ч хотод болж буй үзэсгэлэн худалдаанд очоод оролцож, хотын үйлчлүүлэгчидтэй холбоо тогтоож болно. Цахим сүлжээ хөгжсөн энэ үед
хаанаас ч холбогдоод захиалга авах боломжтой. Би хотод очиж ажиллана гэж боддоггүй, Өвөрхангайдаа л ажиллаж, амьдрахад тайван сайхан
байна.
-Гучаад
жил хувиараа хөдөлмөр эрхэлсэн байна. Энэ хугацаанд сайнтай, муутай олон зүйл тохиолдсон байх.
Орон нутагтаа хувийн бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй залуу бүсгүйчүүдэд хандаж та
юу хэлмээр байна?
-Бизнес
эхлүүлнэ гэдэг маш чухал. Хамгийн гол нь өөрөө цаг сайн барих
хэрэгтэй, бас эрүүл мэндээ хэзээ ч хаяж
болохгүй. Оёдол гэхэд л улирлын захиалга их үед хүмүүс олон
цагаар ачаалалтай ажиллаад байдаг. Миний баримталдаг зарчим бол ажлын
цагаараа л ажилладаг. Гол нь тухайн цагаа үр дүнтэй, үр бүтээлтэй ашиглах нь чухал. Тэгээд
үйлчлүүлэгчдэдээ
чин сэтгэлээсээ хандах, бүтээл бүрээ өөртөө хийж байгаа юм шиг хийж,
маш хариуцлагатай, анхааралтай байх,
алдаа дутагдлаа хүлээж авдаг байх хэрэгтэй.
Хүн болгонтой тааруулж ажиллана гэдэг хэцүү л дээ. Гэхдээ тухайн хүнд
тайлбарлаад инээгээд угтахад харилцаа сайхан болоод л үлдэнэ. Тухайн
хүн өөрөө л хичээх ёстой,
өөрөө л үйлчлүүлэгчээ татах хэрэгтэй. Би дадлага хийх гээд ирсэн
охидод хэлдэг. “Өөрийгөө
сайн бэлд. Тэгээд хийсэн бүтээснээ хүнд үзүүл. Хэрвээ гологдохгүй болсон бол өөрийгөө болжээ
гэж бод” гэж зөвлөдөг.
-Эмэгтэйчүүдийн
хөдөлмөр эрхлэлтийг төр засгаас бодлогын түвшинд яаж дэмжээсэй гэж та боддог вэ?
-Миний
бодлоор энэ зээл,
тусламжийг хэт хавтгайруулах биш,
сайн судалгаа хийж байж өгч байх хэрэгтэй. Юм хийдэг хүнийг сайн судалж, тэдэнд хөрөнгө оруулалт сайн хийх
хэрэгтэй. Сайн хөрөнгө оруулалт хийвэл ажлын байр нэмэгдэнэ. Төр засгаас
аливаа дэмжлэгийг нүдээ олж өгөөсэй л гэж боддог.
-Та
ямар нэгэн төсөл хөтөлбөр, зээл тусламжид хамрагдаж байсан уу?
-Нэг
ч удаа хамрагдаж байгаагүй, бор
зүрхээрээ л банкны зээл аваад явдаг. Жилийн өмнө л бүх банкны зээлээ дуусгасан.
Ер нь банкны зээлийн хүү хэцүү. Тэр дундаа олон ам бүлтэй айл
өрхөд хэцүү л гэж боддог. Хэсэгтээ л зээл авахгүй гэж бодож байгаа.
Яваандаа төлөвлөсөн олон зүйл бий. Тэгээд
л нэг үзээд алдана даа. Одоохондоо
ганцаараа ажиллана. Ажилчдынхаа аж амьдралыг тэтгэж чадах хэмжээнд болсон үедээ л ажилчид авч, цалин өндөр өгнө гэж боддог.
-“Гэгээ” салоны хувьд
монгол, европ гээд бүх төрлөөр урлаж байна.
Хувцасны загвар чиг хандлагын онцлогоос дурдвал?
-Хувцасны онцлогийн тухайд, хүний биед эвтэйхэн, өмсөж тайлахад
хялбархан, хамгийн гол орон нутагт хими цэвэрлэгээ байдаггүй учраас шууд гараар
болон угаалгын машинд хийж угаахад бат бөх, хялбар байдлыг хардаг. Мөн ажил
хэрэгч бүсгүйчүүд өдөр тутам өмссөн ч, гоёлд өмссөн ч болох хувцас хийхийг зорьдог.
Ер нь их судалгаа хэрэгтэй. Хүмүүсийн сонирхлын дагуу загварын чиг
хандлагыг үргэлж шинэчлэхийг хичээдэг.
-Та
эмэгтэйчүүд, залуу бүсгүйчүүдийг
ямар байгаасай
гэж хүсдэг вэ? Хүн гаднаасаа гоё ганган байхаас гадна дотоод сэтгэлээ анхаарч, зөв хандлагатай
байх нь чухал шүү дээ.
-Тэр
л хамгийн гол асуудал байгаа юм. Гоё
хувцастай орж ирчихээд хүнтэй
ярьж чаддаггүй хүн байдаг. Түрэмгий харьцдаг, эсвэл би гээд өөрийнхөө эрх ашгийг хардаг. Манай
монгол эмэгтэйчүүд үр хүүхэд,
гэр бүл, ажил гээд л ачаалал ихтэй байдаг.
Гэхдээ л хүнтэй харьцахдаа араншингаа анзаарах хэрэгтэй. Залуу
эмэгтэйчүүддээ “хүнийг
хүндэтгэ, хүүхдүүдээ зөв боловсон хүмүүжүүл” гэж хэлмээр байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд боловсролтой залуус, охид эмэгтэйчүүд Өвөрхангайг зорин
ирж ажиллаж амьдарч байна. Үүнд их баяртай байгаа.
Баярлалаа.
Ажлын
амжилт хүсье.