АНУ-ын эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг эцэслэн баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-03-11 12:20:44

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим цар тахлын үед эдийн засгаа дэмжих 1 их наяд 9 тэрбум долларын багц арга хэмжээг эцэслэн баталлаа.


Ерөнхийлөгч Жо Байдены санал болгосон уг хөтөлбөрийг Төлөөлөгчдийн танхим өмнө нь баталсан боловч Сенатын танхим нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор дахин санал хураажээ. Төслийг Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 220 нь дэмжиж, 211 нь эсэргүүцсэн байна.


Одоо баримт бичгийг гарын үсэг зуруулахаар Жо Байденд хүргүүлэх бөгөөд тэрбээр баасан гарагт гарын үсэг зурах төлөвтэй байна. Энэхүү төсөл нь Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд орсноос хойш баталсан анхны томоохон хууль тогтоомж болох юм.


Багцад тусгасан гол арга хэмжээ нь АНУ-ын татвар төлөгчдийн ихэнх нь хүлээн авах 1400 долларын чек байх юм. Хуулийн төсөлд мөн орон нутгийн удирдлага, сургууль, бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулж хөрөнгө хуваарилахаар тусгажээ.

Холбоотой мэдээ