Аймгийн Утга зохиолын нэгдэл шинэчлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-10 11:48:40

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил Монголын Зохиолчдын нэгдсэн эвлэлээс найман аймгийн салбар зөвлөлийн эрхлэгчдийг шинэчилсэн. Өвөрхангай аймгийн Зохиолчдын хороо бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, “Алтан бярга” утга зохиолын нэгдлээ байгуулаад байна.

Өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд ахмад зохиолчдынхоо сургамжийг сонсох, үйл ажиллагаагаа танилцуулах зорилгоор “Зохиолчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Орчин цагийн соёлтой хөл нийлүүлж, шинэлэг бүтээл туурвин олны хүртээл болгох, хорооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлж, өөрийн гэсэн сан хөмрөгтэй байх, төрд данстай, түмэнд нэртэй байгууллага болгохыг ахмад зохиолчдоос захиж байв. Мөн Өвөрхангай нутгаас төрөн гарсан зохиолчид, яруу найрагчидтайгаа байнгын холбоо тогтоож, тэдний дэмжлэгийг авч байх нь чухал болохыг хэлж байлаа.

“Алтан бярга” утга зохиолын нэгдлийн эрхлэгчээр МЗНЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Батгэрэл томилогдсон бөгөөд өсвөр үеийн яруу найрагчдын бүлгэмийг идэвхжүүлэх, сум бүрт салбараа нээх, улсын хэмжээний наадам зохион байгуулах, нийгэм рүү чиглэсэн соёл урлагийн бүхий л үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөснөө дурдаж байв.

 

Холбоотой мэдээ