АНУ-ын эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг батлав

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-03-07 08:58:23

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим эдийн засгийг дэмжих 1 их наяд 9 тэрбум долларын багц арга хэмжээг бямба гарагт баталлаа. Хуралдааныг хууль тогтоох байгууллагын дээд танхимын цахим хуудсаар шууд дамжуулжээ.


Энэхүү төлөвлөгөө нь коронавирусний халдварын тархалтаас үүдэлтэй хямралын уршгийг арилгах АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хөтөлбөрт суурилжээ. Хуулийн төслийг батлахыг Сенатын танхимын гишүүдийн 50 нь дэмжиж, 49 нь эсэргүүцсэн байна. Хуралдаан 24 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд Бүгд Найрамдах намын нэг гишүүн санал хураалтад оролцоогүй байна.


Баримт бичгийг хэлэлцэх үеэр Бүгд Найрамдах намын голдуу сенатчид санал хураалтад янз бүрийн нэмэлт өөрчлөлт оруулсан боловч ихэнхийг нь буцаажээ. Одоо бага зэрэг өөрчлөлт оруулсан хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахин батлах бөгөөд үүний дараа л ­Е­­рөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ. Ардчилсан намынхан ажилгүйчүүдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх хугацаа дуусахаас өмнө баримт бичгийг батална гэж найдаж байна. Энэ хугацаа гуравдугаар сарын 14-нд дуусах юм.


Багцад тусгасан гол арга хэмжээ бол АНУ-ын татвар төлөгчдийн ихэнх нь хүлээн авах 1400 долларын чек байх юм. Хуулийн төсөлд мөн орон нутгийн удирдлага, сургууль, бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулж хөрөнгө хуваарилахаар тусгажээ.


Харин 2025 он гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 15 доллар болгох заалтыг хуулийн төслөөс хассан байна.


Ажилгүй болсон иргэдэд тэтгэмж олгох заалтад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталсан бөгөөд долоо хоногийн мөнгөн тусламжийн хэмжээ 300 доллар байх бөгөөд тэтгэмжийн хөтөлбөр есдүгээр сарын 6 хүртэл үргэлжилнэ.


Энэхүү багц арга хэмжээнд цар тахалтай тэмцэхэд 400 орчим тэрбум долларыг шууд хуваарилахаар тусгасан байна. Нэг их наяд орчим долларыг хүн амд тусламж үзүүлэхэд, үлдсэнийг нь эдийн засгийг дэмжих арга хэмжээнд зарцуулахаар болжээ.


Холбоотой мэдээ