Зуунмод суманд коронавирусний дөрвөн тохиолдол батлагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд коронавирусний 4 тохиолдол батлагдаж, сум дотроо тэг зогсолт хийлээ.
Тодруулбал, 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос иргэн “З” нь Төв аймгийн Зуунмод суманд буяны ажилд оролцохоор ирэхдээ PCR шинжилгээ өгөлгүй хулгайн замаар ирээд буцсан байна. Улмаар Улаанбаатар хотод эргэн очихдоо шинжилгээ өгсөн нь 3 дугаар сарын 4-ний өдөр эерэг гэсэн хариу гарчээ.
Иймээс Аймгийн Эрүүл мэндийн газрын тандалт судалгааны баг Төв аймгийн хэмжээнд ойрын хавьтлын нийт 62 хүнээс PCR шинжилгээ авч 3 дугаар сарын 6-ны өдрийн 15: 00 цагийн үед 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол 4 хүнийх эерэг гарч, Зуунмод суманд коронавирусний халдвартай 4 тохиолдол батлагдлаа. Иймд Төв аймгийн Зуунмод хот руу орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ. Харин Зуунмод сум дотроо тэг зогсолт хийсэн гэж аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас мэдээлэв.