"Аэросити" хотод 3000 хүний суудалтай спорт ордон байгуулна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-06 12:47:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын шинэ нисэх буудлын ажилтай өнөөдөр танилцаж байна. 


Энэ үеэр, тус нисэх буудлыг даган бий болох "Аэросити" хотод байгуулахаар төлөвлөж буй спорт цогцолборын талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц танилцууллаа. 


Тус хот нь нутаг дэвсгэрийнхээ дагуу олон жижиг парк байгуулж явган хүн, дугуйн замаар холбосон эко хот болохоор төлөвлөгдөж байгааг тэмдэглээд, хөлбөмбөг, сагсанбөмбөг, элсний гарбөмбөгийн задгай талбай, манай улсад огт байдаггүй усан паркыг байгуулахаар төлөвлөгөөнд оруулсан гэлээ.


Дараагийн ээлжинд 3000 хүний суудалтай спортын ордон барих санал өгснийг БХБЯ дэмжсэнийг танилцууллаа. Энэ нь Монгол Улсад нийт спортын төрлийг дагнасан тивийн хэмжээний тэмцээн зохион байгуулах боломжтой спортын ордон юм. Ингэснээр, олон улсын тамирчид шинэ нисэх буудалд буугаад, Улаанбаатар хотын түгжрэл рүү оролгүйгээр Аэросити хотод байрлаж тэмцээн, уралдаандаа орох боломжтой гэдгийг тайлбарлав. 


Үүний дараа олон улсын спортын бэлтгэлийн төв байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ, 200 метрийн гүйх зам, жудо, чөлөөт бөх, бокс, гимнастикийн бэлтгэлийн заал, 25 метрийн буудлагын тир, фитнесийн заалнаас гадна эрдэм шинжилгээний төв, сургалтын танхим, номын сантай байхаар төлөвлөжээ. Мөн 250 хүнд үйлчлэх хоолны газар, 200 тамирчин байрлах зочид буудал, гадаа бэлтгэл хийх 400 метрийн талбайг мөн төлөвлөгөөнд багтаажээ. Дээрх саналуудыг БХБЯ-наас дэмжиж байгаа аж.

Холбоотой мэдээ