Сургалтын хөтөлбөрийн үр дүн гартал тууштай хэрэгжүүлэх бодлого барина

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-03-05 12:05:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын хүрээлэнд ажиллалаа.

 

1956 онд байгуулагдсан тус хүрээлэн зургаан сектортойгоор бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг тасралтгүй явуулах чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн иргэд, олон нийт, шийдвэр гаргагчдыг судалгаа, шинжилгээний мэдээллээр хангаж, үйлчлэх үүрэгтэй.

 

Ном товхимол, гарын авлага, бичиг баримт боловсруулах чиглэлд олон ажил хийсэн ч үүний хэрэгжилтийг хангах чиглэлд онцгой анхаарах шаардлагатай. Сургалтын чанарт хөтөлбөр, багш, орчин хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Хөтөлбөр боловсруулж байгаа хүрээлэн, багшийн хөгжлийг хариуцаж байгаа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/, орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээж байгаа яам зэрэг байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах чиглэл үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд холбогдох ажил хариуцагчдад өглөө.

 

Энэ хугацаанд бид дөрвөн удаа сургалтын хөтөлбөрийн шилжилт хийжээ. Нэг хөтөлбөр сонгоод эхлүүлдэг ч үр дүнг нь үзэлгүй, багш сурагчдад хугацаа олголгүй дараагийн хөтөлбөрт шилжиж байсан нь алдаа болжээ. Цаашид сургалтын хөтөлбөрийн үр дүн гартал тууштай хэрэгжүүлэх бодлогыг барина гэдгээ салбарын сайд онцлов.

 

Мөн тэрбээр 1958 оноос хойш бид монгол хүүхэд гэж хэн болох, ямар онцлогтойг хоёрхон удаа судалж байжээ. Харин дараагийн иж бүрэн судалгааг Боловсролын хүрээлэн эхлүүлж эхний үе шатыг амжилттай дуусгасан байна. Хоёр дахь шатны судалгааг Улаанбаатар, Хөвсгөл, Дорнод аймагт өрнүүлсэн ч санхүүжилтийн асуудлаас болж зогсонги байдалд орсон байна. Энэ санхүүжилтийг шийдэж 2021 ондоо багтаан судалгааг дуусгана. Ингэж суурь судалгаатай болсноор монгол хүүхдийн генийн болон бие бялдрын онцлог, сурах арга барил чадамжид тулгуурлан боловсролын хөтөлбөр агуулга, багшийн заах аргад өөрчлөлт хийх ёстой гэдгийг хэллээ.

 

Холбоотой мэдээ