Хүнсний өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-04 17:34:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ он гарсаар элсэн чихэр, талх, будаа, ноолуураас бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Тус аймгийн статистикийн хэлтсийн долоо хоног бүрийн лхагва гарагт гаргадаг үнийн судалгаагаар энэ оны эхний хоёр сард ноолуур, цагаан будаа, элсэн чихэр, орон нутгийн үйлдвэрийн талхнаас бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлэлт гарчээ.

Энэ сарын 3-ны өдрийн байдлаар нэг литр сүү 2500, нэг кг гурил 1600, мах 7000-10000, төмс 1000, лууван, байцай 1500, сонгино 3500 төгрөг байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-наас хойш гурил 100, мах, сүү 500, төмс, лууван 200, байцай 700, сонгино 1000 төгрөгөөр үнэ нь нэмэгдсэн аж.

Мөн түлш, шатахууны үнэ 70-140 төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал АИ-80 бензин литр нь 1440, АИ-92 бензин 1490, АИ-95 бензин 2190, дизелийн түлш 2160 төгрөг болжээ.

Холбоотой мэдээ