Аймгийн МАН-ын хороо эгнээндээ 100 гишүүн элсүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-04 16:35:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Монгол Ардын Намын хорооноос түүхт 100 жилийн ойн баяраа энэ сарын 3-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус өдөр Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн болон Улсын бага хурлын анхны дарга, ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөж, баярын хурал хийлээ.

Баярын хурлын үйл ажиллагааг нээж, аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд аймгийн Намын хорооны түүхэн замналаас илтгэл тавьсан бөгөөд “Өвөрхангай аймгийн МАН-ын хороо нь 1992-2020 онд УИХ-ын 8, Ерөнхийлөгчийн 7, Орон нутгийн 8, нийт 23 удаагийн сонгуульд оролцохдоо 19-д нь ялалт байгуулж байсан. Энэ нь нэр дэвшигчдийн нэр хүнд, намын гишүүдийн идэвх зүтгэл, багаар ажиллах чадвар, сонгуулийн менежемент гээд олон хүчин зүйлээс шалтгаалж байсны дотор бүх шатны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлж байсан нь амжилт, ялалтад гол нөлөө үзүүлсэн” хэмээв.

Тус нам аймгийн хэмжээнд 15 мянган гишүүнтэй бөгөөд шинээр 100 гишүүнийг эгнээндээ нэгтгэлээ. Мөн намын үйл хэрэгт чин үнэнчээр зүтгэж ирсэн нэр бүхий хүмүүсийг шагнан урамшуулж, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулсан юм. 

Холбоотой мэдээ