Бельгид “AstraZeneca”-гийн вакциныг 55-аас дээш насныханд тарихыг зөвшөөрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-03-04 12:17:39

БРЮССЕЛЬ. /Reuters/. Бельгийн эрх баригчид Их Британи, Шведийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан “COVID-19”-ийн вакциныг 55-аас дээш насны хүмүүст хийхийг лхагва гарагт зөвшөөрчээ.


Бельгийн Эрүүл мэндийн дээд зөвлөл “AstraZeneca”-гийн вакциныг 55-аас дээш насныханд үр дүнтэй хэмээн зөвлөсний дараа дээрх шийдвэрийг гаргасан байна.


Европын Эмийн агентлаг “AstraZeneca”-гийн вакциныг 18-аас дээш насныханд хийхэд аюулгүй гэж мэдэгдсэнийг үл харгалзан Бельги, Герман, Франц, Итали зэрэг орнууд уг вакцины хэрэглээнд хязгаар тогтоогоод байсан юм.


Харин Их Британид явуулсан судалгаагаар “AstraZeneca”-гийн вакцин өндөр настнуудад сайн үр дүн үзүүлж байгааг тогтоосонтой холбогдуулан Францын Эрүүл мэндийн яам уг вакциныг 65-75 насныханд тарихыг мягмар гарагт зөвшөөрчээ.


Мөн Герман ойрын хугацаанд ийм шийдвэр гаргах төлөвтэй байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Йенс Спан мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ