Отгонтэнгэрийг тайх ёслолыг шашин урлагийг хослуулан хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2016-06-10 17:28:42

Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг долдугаар сарын 19-нд зохион байгуулахаар болсон билээ.

Тахилгыг зохион байгуулах ажлын хэсэг анхны хурлаа хийж тахилгын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангахаар боллоо. Энэ удаагийн тахилга шашин урлагийг хослуулан хийгдэх бөгөөд Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ, Завхан нутгийн дуучид, МУГЖ дуучин Г.Ариунбаатар болон Завхан нутгийн дуучид урлаг соёлынхон оролцох юм. Мөн Мамба дацан хийдийн хамба лам н.Нацагдоржоор тэргүүлсэн Завхан аймгийн хамба лам, хуврагууд оролцох юм. Энэ үеэр монголд анх удаа 108 цамын ёслолыг хийх бөгөөд тахилгын урьд орой нь буюу 18-ны орой долоон бурхан тахих ёслолыг шашны дэг жаягийн дагуу явуулах аж.

Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах бөгөөд уг арга хэмжээг байгаль орчин бохирдуулахгүй, амьтны амь таслахыг тэвчиж (мал муулах), архи дарс, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр зохион байгуулах, ёслолын өмнө болон хойно тухайн газар орны байгаль орчныг хамгаалах, унаган төрхөөр нь үлдээх үүднээс цэвэрлэгээ нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх мөн тахилгын үйл ажиллагааг үндэсний зан заншил, уламжлал, ёс цээрийг дагаж хямд төсөр, төвшин даруу, сүсэг итгэл, эрхэмлэл хүндэтгэлтэйгээр зохион байгуулахаар боллоо.

Завхан Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ