“Starship” хөлгийн туршилтын загвар газардсаныхаа дараа дэлбэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-03-04 09:30:18

НЬЮ-ЙОРК. /TASS/. “SpaceX” компани Ангараг руу  нисэх зориулалттай “Starship” сансрын хөлгийнхөө туршилтын загварыг босоо байдлаар газардуулж чадсан боловч хэдэн минутын дараа дэлбэрчээ. Лхагва гарагт явуулсан туршилтыг “YouTube”-ээр шууд дамжуулсан байна.


“Starship SN10” хөлгийг АНУ-ын Зүүн эргийн цагаар 18 цаг 15 минутад Техас муж улсын Бока Чика хот дахь сансрын буудлаас хөөргөжээ. Хөлөг дөрөв орчим минутын дотор 10 км-ийн өндөрт хөөрч, дараа нь хөөргөх цогцолборын хажууд байрлах талбайд буусан байна. Туршилт зургаан минут 29 секунд үргэлжилжээ. 


Шууд дамжуулалтыг хөтлөгч Жон Инспракер "Starship"-ийг "амжилттай газардуулж чадсаныг" онцолсон байна. Түүний хэлснээр, энэ удаагийн туршилтын гол зорилго нь хөлгийг доошлох үед "хөлгийн хяналтын талаарх мэдээллийг цуглуулах" байжээ. "Бид үүнийг амжилттай хийлээ" гэж "SpaceX"-ийн төлөөлөгч хэлсэн байна. 


2020 оны 12 дугаар сард болон энэ оны хоёрдугаар сард явуулсан хоёр ийм туршилтын үеэр “Starship” хөлгийн туршилтын загварууд газардахдаа дэлбэрсэн юм.


Холбоотой мэдээ