Ирэх сард хур тунадас бага, хуурайшилт их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-03-02 13:24:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр 3, 4 дүгээр сард нийт нутгаар хуурайшилт их байх тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.


Дээрх хугацаанд агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар олон жилийн дунджаас 1-1,5 хэмээр дулаан, хур тунадас багатай байх аж.


Тиймээс Шадар сайд, УОК-ын дарга  С.Амарсайхан "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээ"-ний талаар  албан даалгавар гаргажээ.


Албан даалгаварт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг сайжруулах, бүх шатны төрийн болон ТББ, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг БОАЖЯ, БХЯ, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ-ын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг үүрэг болголоо.


Улсын хэмжээнд өнгөрсөн онд 142 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 245,3 мянга га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 3,2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Холбоотой мэдээ