Турк хос хөдөлгүүрт пуужингаар сансрын аппарат хөөргөнө

Дэлхийд | Технологи
Jargal.d@montsame.mn
2021-03-01 17:58:00

АНКАРА. /Anadolu/. Турк улс эх орондоо бүтээж буй хос хөдөлгүүрт пуужингийн тусламжтайгаар 2023 онд сансрын аппарат хөөргөнө гэж тус улсын Аж үйлдвэр, технологийн сайд Мустафа Варанк мэдэгджээ.


“Сарыг судлах хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2023, 2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2023 онд бид өөрсдийн технологийг ашиглан Саранд хүрэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн эхний үе шатны хүрээнд Саран дээр хатуу буулт хийнэ. Бид олон улсын компаниудтай хамтран анхны төхөөрөмжөө хөөргөнө. Гэхдээ манай сансрын аппаратыг үндэсний хосгүй пуужингийн тусламжтайгаар дэлхий орчмын тойрог зам оруулна” гэж Варанк сансрын салбарт төсөл хэрэгжүүлдэг “Delta V” компанид зочлох үеэрээ мэдэгдсэн байна.


Түүний хэлснээр, Туркийн сансрын хөтөлбөр нь тус улсыг "сансрын салбарын дээд лигт" хүргэх зорилготой юм. Харин “Delta V” компани нь Сарыг судлах хөтөлбөрийн чухал хэсэг болох хос хөдөлгүүрийн хосгүй технологийг боловсруулсан гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган үндэсний сансрын хөтөлбөрөө хоёрдугаар сарын 9-нд танилцуулжээ. Тэрбээр тус улсын анхны иргэнийг сансарт нисгэж, сансрын анхны буудлаа барьж, 2023 онд Сар луу буугч аппарат илгээнэ гэж мэдэгдсэн байна. Туркийн удирдагчийн хэлснээр, Саран дээр аппаратаа буулгах ажиллагааг 2023 оны сүүлчээр тэмдэглэх Турк улс байгуулагдсаны 100 жилийн ойд зориулах аж. Анкара сансар огторгуйд хамтран ажиллах талаар ОХУ зэрэг хэд хэдэн улстай хэлэлцээ хийж байна гэж  Туркийн Аж үйлдвэр, технологийн сайд дараа нь мэдэгджээ.



Холбоотой мэдээ