2021 оныг “Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, бүтээмжийг нэмэгдүүлэх” жил болгон зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-26 12:16:01

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд санаачлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй "Ногоон алт малын эрүүл мэнд" төсөлтэй хамтран "Эрүүл бэлчээр-Эрүүл мал-Эрүүл хүнс" сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөнийг өнгөрсөн онд Архангай аймагт зохион байгуулж байсан.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүд, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд хандаж хэд хэдэн томоохон санал хүсэлт тавьсан бөгөөд эдгээр асуудлууд шийдвэрлэгдэж, 2021 оны улсын төсөвт “Малчны хотноос эрүүл хүнс”, “Хөдөө аж ахуйг дэмжих” хөтөлбөрт нийтдээ 2.8 тэрбум төгрөг батлагдсан байна. Энэхүү хөрөнгөөр дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

1. Малчин болон малчны бүлэг малын тэжээлийн ургамал тариалахад техникийн болон үрийн дэмжлэг үзүүлэх замаар тэжээлийн таримлын хэмжээг нэмэгдүүлж, нөөцийг бүрдүүлэх үүднээс "Нэг өрх-Нэг өвөлжөө" аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

2. Малын чанар сайжруулах асуудлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, үржлийн нэгжүүдийг дэмжих, үржлийн нэгжүүдийг сүү, махны чиглэлийн, сарлагийн өндөр ашиг шимтэй цөм сүргийг бүрдүүлэх, эдгээрийг цаашдаа мэргэжлийн байгууллагуудын хяналт дор үржлийн ажлыг зохион байгуулах замаар чанарыг сайжруулж, нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх.

3. Бэлчээрийн даацыг малын тоотой уялдуулах хүрээнд бэлчээрийг зөв зохистой ашиглах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор жижиг мал, махны цехүүдийг байгуулах, махны гарал үүслийг тодорхой болгох ажлуудыг 2021 оны аймгийн үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж эхэлсэн.

4. Малын гаралтай түүхий эдийн нөөцөд түшиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тухайлбал, хүн ам ихтэй суурин газруудад сүүний чиглэлийн фермерүүд, тэжээлийн хангамжийг түшиглэн сүүний үйлдвэр байгуулж, аймаг, орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээг бүрэн хангах томоохон ажлын эхлэлийг тавьж байгаа юм.

Энэ хүрээнд өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажлын туршлага, нөөц боломждоо тулгуурлан 2021 оныг “Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” жил болгон зарласан.

Энэ хүрээнд тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлж нөөц бүрдүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, мэргэжлийн байгууллагатай хамтран малын чанарыг сайжруулах замаар түүхий эдийн үйлдвэрлэл, ашиг шимийг нэмэгдүүлэх, аймгийн ард иргэдийг экологийн цэвэр хүнсээр хангах зэрэг зорилтуудыг ханган биелүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Холбоотой мэдээ