Танхимын давтлагыг өнөөдрөөс эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр сургуулиуд
энэ сарын 24-ний өдрөөс эхлэн сурагчиддаа танхимын давтлага өгч эхэллээ.
Хоёрдугаар сарын 22-нд Дундговь аймгийн Онцгой комисс хуралдаж,
зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагаа болон улсын шалгалт өгөх ангиудын
сурагчдад танхимын давтлага хийхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан юм.
Энэхүү шийдвэрийн дагуу сургуулиуд халдвар хамгааллын дэглэм баримтлан,
ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, танхимын давтлагаа эхлүүлээд байна.
Өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас хойш сургууль бараг
хичээллээгүй бөгөөд энэ нь сурагчдын хоцрогдлыг бий болгох гол шалтгаан болж
байна. Сургуулийн сурагчид хэдийгээр цагийн хуваарийн дагуу цахимаар хичээлээ
үзэж байгаа хэдий ч хичээлээ өөрийн болгохгүй, зөвхөн тэмдэглэл хийж багшдаа
үзүүлэх төдийд л анхаарч байгаад багш нар ихээхэн санаа зовж байсан юм.
Тиймээс давтлага хийхийг зөвшөөрөх нь хичээлийн
хоцрогдлыг багасгах ач холбогдолтой тул эцэг эхчүүд талархан хүлээж авч байна.
Нөхцөл байдал ямар байгаа талаар "Говийн ирээдүй" цогцолбор
сургуулийн захирал Г.Мягмарсүрэнтэй холбогдон тодруулахад, аймгийн БСУГ-аас
сургуулиудад ирүүлсэн мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу анги танхимыг
ариутган халдваргүйжүүлж, сурагчдыг амны хаалт зүүлгэх, гарыг ариутгах,
халууныг нь хэмжих, зай бариулан цөөн цөөнөөр нь танхимд хичээллүүлэх зэрэг
халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллаж байгаа гэлээ.