Төрийн мэдээллийн сүлжээгээр дамжуулж, мэдээллийг аймгийнхаа бүх иргэнд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-02-24 10:27:19

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын “Хэтийн Хэнтий-2024” хөтөлбөрийн хүрээнд www.khentii.mn төрийн мэдээллийн портал сайтад 18 сумын төрийн байгууллагуудыг холбохоор төлөвлөжээ.

Ингэснээр иргэдэд төрийн мэдээлэл ил тод, шуурхай хүрнэ хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас сумдын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудад сургалт явууллаа. Сургалтад 18 сумын 22 хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон бөгөөд тэдэнд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай”, “Хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах”, “Төрийн мэдээ хэрхэн бэлтгэх”, “Цахим орчинд ажиллах” болон мэдээлэл бэлтгэхтэй холбогдуулан тоног төхөөрөмжтэй харилцах талаарх анхан шатны сургалтуудыг зохион байгуулав. 


Энэ үеэр МОНЦАМЭ агентлаг, “Хэнтийн мэдээ агентлаг”, “Өндөрхаан телевиз”, “Нэгүүн шууд мэдээллийн агентлаг”, “Бүргэд телевиз”-ийн сэтгүүлч, уран бүтээлчид орон нутгийн хэвлэлийн ажилтнуудтай уулзаж, байгууллагынхаа танилцуулга хийж, сонирхсон асуултад хариулт өглөө.


Ихэнх суманд Нийгмийн бодлогын түшмэл нь хэвлэл мэдээллийн ажилтны үүргийг давхар гүйцэтгэдэг бөгөөд тэдэнд тулгамддаг бэрхшээл, гарцын талаар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулга санал солилцож, сумдын удирдлагуудад нь уламжилахаар болов. Мөн аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сумдын хэвлэлийн ажилтнууд чухал үүрэгтэйг онцлоод, Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулж, мэдээллийг аймгийнхаа нийт иргэдэд хүргэх эхлэл тавигдаж буйг сайшаалаа.


Цаашид сургалт шат дараатай үргэлжлэх бөгөөд энэ оны эхний хагас жилд Засаг даргын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч 23 агентлагийн мэдээллийн ажилтнуудыг мөн сургах юм байна.

Холбоотой мэдээ