Хархул хааны балгас

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-02-23 19:01:13

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг, сумын төвөөс урд зүгт 7 км орчим зайд Хануй голын урд хөвөөнөө Хархул хааны балгас хэмээх эртний хотын туурь оршино. Анх 1891 онд Оросын судлаач Д.А.Клеменц уг дурсгалыг бүртгэж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ.

Хотын үлдэгдэл нь 330 х 370 м хэмжээтэй, дунджаар 3 м өндөр, дөрвөн талдаа хаалгатай дөрвөлжин хэрэм, барилгуудын сууриуд зэрэг олон хэсгээс бүрдэнэ. Хотын малтлагаас илрэх дээврийн тосгуур, нүүр ваар, тоосгоны хэв загвар, паалантай чимэглэл, өрлөг шаваасны онцлог зэрэгт үндэслэн энд гурваас доошгүй өөр өөр цаг үед бүтээгдсэн дурсгал байна хэмээн тодорхойлж, эдгээрийн нэг нь ХIII зууны үеийн Хархорумын барилга байгууламжтай нэг цаг үед холбогдоно хэмээн судлаачид үзсэн байдаг.


Уг дурсгалыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулсан байна.

Холбоотой мэдээ