Японы Засгийн газар онцгой байдлыг цуцлах талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-23 13:02:04

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ болон Засгийн газрын коронавирустэй тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгчид Осака, Киото зэрэг таван мужид онцгой байдлыг цуцлах талаар хэлэлцэх төлөвтэй байна.


COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо буурч буй Токиод даваа гарагт 178 тохиолдол шинээр илэрсэн нь сүүлийн гурав орчим сарын хугацаанд өдөрт анх удаа 200-гаас цөөн хүнээс халдвар илэрсэн тохиолдол болсон юм. Гэвч Засгийн газар ирэх гуравдугаар сарын 7 хүртэл зарласан онцгой байдлыг цуцлахад хянуур хандаж байгаа ажээ.


Харин Осака, Хиого, Киото мужийн захирагчид муждаа тогтоосон онцгой байдлыг цуцлахыг төв Засгийн газраас хүсэхээр төлөвлөж байна. Мөн Аичи мужийн захирагч онцгой байдлыг энэ сарын эцсээр цуцлах боломжтой эсэх талаар зэргэлдээ Гифү мужийн төлөөлөгчидтэй хэлэлцэж эхэлжээ.


Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтоши мягмар гарагт Осака, Хиого, Киото мужийн захирагчидтай цахим уулзалт хийх төлөвтэй байна. Н.Ясүтоши нь коронавирустэй тэмцэх асуудлыг хариуцаж байгаа юм. Тэрбээр Аичи, Гифү мужийн төлөөлөгчидтэй мөн хэлэлцэх ажээ.


Японы Ерөнхий сайдын хувьд таван мужид онцгой байдлыг цуцлах эсэх талаар Н.Ясүтоши, Эрүүл мэндийн сайд Тамүра Норихиса нартай лхагва гарагт хэлэлцэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ