Хүний нөөцийн бодлого боловсруулах ажлын баг хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-23 12:37:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбатаар ахлуулсан хүний нөөцийн бодлого боловсруулах ажлын баг энэ сарын 22-ны өдөр хуралдлаа.

Салбар, салбарын төлөөлөл оролцсон ажлын багийн энэхүү хуралдаанаар аймгийн төрийн албаны хүний нөөц, тэдгээрийн ажиллах болон хөгжих орчин, нийгмийн асуудлуудын талаар хэлэлцэж, хөтөлбөр боловсруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргажээ.

Энэ үеэр аймгийн Төрийн албаны салбар зөвлөл болон ЭМГ-аас шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин, тэдгээрийн нөөц, тулгамдаж байгаа бэрхшээлийг танилцуулж, цаашид түүнийг хэрхэн сайжруулах талаар ажлын багийн гишүүд саналаа хэлсэн.

Ялангуяа залуучууд хөдөөгийн сумдад очиж ажиллах сонирхолгүй, очиж ажилласан ч удаан хугацаагаар ажилладаггүй бэрхшээл нийтлэг байна. Тэдний хувьд сумдад ажиллаж амьдрах орчин тааруу, амьдрах орон байрны асуудал шийдэгдээгүй, урамшуулал, хангамж муу байгаа учраас хөдөөд хүний нөөц дутагдалтай байсаар байгааг ажлын багийн гишүүд онцолж байлаа.

Тус аймгийн хувьд өнөөдрийн байдлаар төрийн албанд 137 ажлын байр сул байдаг. Тиймээс дээрх ажлын байрыг нөхөх, төрийн албан хаагчдын чадамжийг сайжруулахын тулд тухайлан ямар зорилго, зорилт дэвшүүлж, юу хийх талаар эхлэн судлах, өнөөгийн нөхцөл байдлыг нарийвчлан тодотгох шаардлагтай байгааг ажлын багийн ахлагч Л.Доржбат анхааруулж, хөдөө орон нутагт төрийн албан хаагчдыг ажиллуулах нөхцөлийг сайжруулах, бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ямар боломж байгааг салбар, салбарынхаа хүрээнд илүү нарийвчлан гаргахаар болжээ.

Ийнхүү нөхцөл байдлаа нарвийвчлан судалсны үр дүнд ажлын баг хүний нөөцийн хөтөлбөрийг ирэх сард боловсруулан гаргахаар шийдвэрлэлээ. 

Холбоотой мэдээ