Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-22 13:48:27

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зарим гол, нуурын мөс хэврэгшин хайлж байгаа тул мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна. 

Энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Ховд голын мөсний зузаан 51 см, Дундцэнхэр голынх 55 см, Долооннуур голынх 75 см, Хар-Ус нуурынх 98 см, Булган голынх 84 см байна. Мөн Буянт голынх 143 см, Чоно-Харайхын голынх 60 см буй. Түүнчлэн Төгрөгийн гол мөсөн зах, мөс байрандаа хайлах зэрэг мөсний үзэгдэлтэй болсон аж. Хаврын цаг агаарын дулаарлын улмаас зарим гол, нуурын мөс хэврэгшин хайлж, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад эрсдэлтэй болж байгаа. Иймээс тээвэрчид, иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхааруулж байна. 

Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв 70432505 утсаар дуудлага мэдээлэл хүлээн авч буй. 

Холбоотой мэдээ