“Баян булаг бэйкери” нэрийн бүтээгдэхүүнийг 10 гаруй жил үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-22 12:44:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Баян булаг бэйкери” нэрийн бүтээгдэхүүнийг 10 гаруй жил үйлдвэрлэж, хэрэглэгчид түгээж байна. 

Баясгалант өндөр хөхий ХХК-ийн захирал Г.Өлзийхишиг хэлэхдээ: Манай байгууллага нь 2004 оноос эхлэн Ховд аймагт талх, нарийн боов, бялуу үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн хамт олон “Баян булаг бэйкери” нэрийн бүтээгдэхүүнээ олон төрлөөр үйлдвэрлэж, орон нутгийнхаа хэрэглэгчдийн хэдийнээ танил болсон юм.

Одоогийн байдлаар 30-35 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна. Бид 2020 онд үйлдвэрлэлийн дадлага, сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ба сургалтад 20 хүн хамрагдаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

Үүний 10 гаруй нь манай байгууллагад шинээр ажилд орсон юм. Үйлдвэр дээрх сургалтын үйл ажиллагааг манайх таван жилийн өмнө мөн л зохион байгуулж, 10 орчим хүнийг ажлын байраар хангаж байсан туршлага бий.  

Үйлдвэр дээрх сургалтыг зохион байгуулсны үр дүнд шинээр ажилд орох хүсэлтэй иргэдийн мэдлэг, чадвар нь нэмэгддэг. Мөн ажилд ороход зайлшгүй сурч эзэмших зүйлсийг богино хугацаанд таньж, мэргэших боломжийг өргөжүүлж байгаагаараа давуу талтай. 

Манай хамт олон өдөр бүр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд хямд үнээр шуурхай нийлүүлэхийг зорьдог. Түүнчлэн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өргөжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор борлуулалт, үйлдвэрлэлийн гурав дахь салбар төв”-ийг тун удахгүй нээхээр төлөвлөн ажиллаж байна. Иймээс цаашид Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон бусад байгууллагатай ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хамтын ажиллагааны олон боломжийг бий болгоно гэлээ.    

Холбоотой мэдээ