Тариалан эрхлэгчид цас мөсний усыг хөрсний чийгт ашиглах нь зүйтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-19 17:51:39

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай сумын газар тариалан эрхлэгчид цаг агаар дулаарч байгааг ашиглан тариалангийн талбайдаа чийг өгөх, сийрэгжүүлэх ажлыг хийж эхэлжээ.

-“Цаг агаараас шалтгаалан газар тариалангийн ажил бол байнгын арчилгаа тордлогоо байдаг. Хэдийгээр хаврын тариалалт эхлэх хугацаа болоогүй ч гэлээ. Цаг зөөлөрч хаврын урь орж, уулын цас, мөс хайлж буй энэ үеийг ашиглах хэрэгтэй. Ялангуяа тариалангийнхаа хөрсийг сийрэгжүүлж, цас, мөсний чийгийг авч үлдэх нь чухал. Мөн жимс жимсгэнийн мод бутны хөрсөнд илүү их чийг өгдөг үе нь яг одоо юм” гэж тариаланчид хэлэв. Ташрамд Улиастай сумд давхардсан тоогоор байнгын үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй газар тариалан эрхчлэгч бий. Эдгээр тариаланчдын 65 хувь нь хүнсний ногоо тариалдаг бол, 10 хувь нь зөвхөн улаан хальст саримс, жимс, жимсгэнэ тариалдаг байна. Ташрамд энэ жил саримс тарих тариалан эрхлэгч, иргэдэд хөнгөлөлттэй үнээр үр олгох ажлыг аймгийн ХХААГ-аас хийх юм байна. Одоогоор нэг өрхөд олгох үрийн хэмжээг тогтоогоогүй байна.

Энэ жил нэгдсэн усалгааны системтэй болно

Улиастай сумд Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр  46.2 сая ам долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл энэ жил хэрэгжинэ.

Төслийн хүрээнд Жинст багийн “Ногоон хашаа“-ны услалтын системийг сэргээн засварлах, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэн цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний ногооны үрээр хангах. Усжуулалтын системийн орчинд ойн зурвас байгуулах, өвлийн хүлэмж, ногоо хадгалах зоорь барих ажлууд хийнэ. Бид газар тариалан эрхлэгчдээ шат дараатай дэмжиж хамтран ажиллаж байгаа.Тухайлбал 2020 онд газар тариалан эрхлэгчдийн “Техник дундын төв”-ийн техникийн хүчин чадлыг нэмэгдүүлж, МТЗ- 82 маркийн трактор, төмс ухагч гэсэн техникүүд болон, өргөст тор 3600 метрийг тариалалтад ашиглаж байна. Харин Жинст багт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн 4117 м урттай услалтын систем байгуулсан байна.Энэхүү услалтын системийг шинээр тавьснаар хотын ногоон байгууламж тогтмол усалгаатай болж, ургалтын чанар сайжирч, эрүүл агаартай цэвэр орчин бүрдэж байгаа гэж Улиастай сумын ЗДТГ-аас нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ