Тусгай нислэгийн давтамжийг нэмж, тусгаарлах хоногийг 10 болгон багасгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-18 12:45:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, УОК ээлжит хурлаар гадаадаас иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэхээр УОК-оос дараах дөрвөн шийдвэр гаргасныг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдээллээ. 


Тэрээр ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр, хилийн чанадаас ирэх иргэдийн тусгаарлах хоногийг 10 болгон багасгах, тусгай үүргийн нислэгийн хуваарийг урьдчилан 2-4 сараар батлах, тусгаарлах байр, зочид буудлын тоог нэмж, сонголт олгох,  МИАТ компанийн тийзийн үнийг тохиромжтой хувиар хямдруулах шийдвэр гарсан тухай хэллээ.


Гадаадаас ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлаад, үлдсэн 14 хоногийг тусгаарлан ажиглах шийдвэр гаргасан бөгөөд 2 болон 8 дахь өдрүүдэд шинжилгээ авч, сөрөг гарвал гэрт нь гаргах юм.


Тусгаарлах хоногийг цөөлсөнтэй холбоотой нислэгийг давтамжийг нэмэх боломж гарч байгаа. Ирэх гуравдугаар сарын нислэгийг хуваарилаад УОК-т танилцуулсан байгаа. Дөрөвдүгээр сард хийх нислэгийг 3 дугаар сарын эхээр танилцуулна.


Энэ сард 4 удаа нислэг хийхээр төлөвлөсний дагуу маргааш БНСУ-д байгаа иргэдээ татан авна. Мөн 27-нд Монгол Улсын хөл бөмбөгийн болон жүдогийн шигшээ багийн тамирчид гадаадад тэмцээнд оролцох бэлтгэл хийх боломж олгож "Хүннү эйр" компанийн нислэг үйлдэж, буцахдаа Казахстан улсын Алматы хотоос Монголын 85 иргэнийг эх оронд нь ирүүлнэ.



Өнгөрсөн 9 дүгээр сараас хойш нислэг үйлдээгүй БНТУ руу энэ сарын 24-нд нислэг хийнэ. Ингэхдээ Европоос цөөн тооны иргэдийг авна. Мөн энэ сарын 26-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг хийснээр энэ сард нийт 7 нислэг үйлдэх юм. 



Гуравдугаар сард 12 нислэг хийнэ. БНСУ-ын Сөүл хот руу 6 удаа, үүнээс 2 удаагийнх нь зөвхөн транзит зорчигч авах юм.

"Учир нь БНСУ-д коронавируст халдварын нөхцөл байдал харьцангуй намжиж, өглөөний байдлаар 624 хүн халдвар авсан тухай мэдээлсэн. АНУ, Европын орнуудад ч халдвар жигд багасаж байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаад транзитаар ирэх иргэдээ Солонгос улсаас ирэх иргэдтэй холихгүй байх зарчим барьж байгаа"-г Л.Мөнхтүшиг хэллээ.


Түүнчлэн, Токио хот руу 3 дугаар сард 3 удаа хийх нислэгээр Япон улсад амьдарч байгаа болон төгсөж байгаа оюутнуудыг авчрах юм. Гуравдугаар сарын 7-нд онц байдал цуцлагдаж байгаа учир визтэй иргэдийг хилээр нэвтрэх боломж нээгдэж байгаа. Иймд Японд зорчих виз авсан манай улсын иргэдэд зорчих боломжтой аж.


Казахстан улсын Нур-Султан хот руу руу 3 дугаар сарын 5-нд нислэг үйлдэнэ. Тус улсад 300-400 иргэн байгаа гэсэн мэдээллийг ЭСЯ-наас авчээ. 

Холбоотой мэдээ