Перугийн албан тушаалтнууд коронавирусний вакциныг нууцаар хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-02-16 15:00:39

ЛИМА. /TASS/. Перуд 500 орчим хүн, түүний дотор өндөр албан тушаалтнууд хэрэглэх зөвшөөрөл олгохоос өмнө коронавирусний вакцин хийлгэжээ.


Энэ тухай Перугийн Ерөнхийлөгч Франсиско Сагасти тус улсад дэгдээд буй дуулиан шуугиантай холбогдуулан даваа гарагт үг хэлэхдээ мэдэгдсэн байна.


"Олонх нь төрийн албан хаагчид болох 487 хүн коронавирусний вакцин хийлгэхийн тулд албан тушаалын байдлаа урвуулан ашигласанд би болон сайд нарын зөвлөлийн дарга эгдүүцэж, урам хугарч байна. Эдгээр хүмүүс хариуцлага хүлээх ёстой” гэж тэрбээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.


Тэрбээр мөн тус улсад явуулсан коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтад оролцсон 12 мянган сайн дурынхны жагсаалтад шилжилтийн үеийн Засгийн газар ажиллаж байсан хүмүүсийн нэрс байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ. Сагастигийн үзэж буйгаар, тэд "төрийн албан хаагчийн үүргээ зөрчиж, төр, засгийн удирдагчдын итгэлийг урвуулан ашигласан". Энэхүү жагсаалтыг Перугийн Ерөнхий прокурорын газар болон Эрүүл мэндийн яамны комисст шилжүүлж, цаашид ямар арга хэмжээ авахыг шийдэхийн тулд нөхцөл байдлыг мөрдөн шалгана гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. 


Өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр албан тушаалаасаа огцорсон Перугийн Ерөнхийлөгч асан Мартин Вискара Хятадын “Синофарм” компанийн вакцины эмнэлзүйн туршилтад гэргийн хамт оролцсон гэдгээ өмнө нь хүлээн зөвшөөрсөн байна.  


Вакцинтай холбоотой дуулиан шуугианы улмаас мөн тус улсын одоогийн түр Засгийн газрын хоёр гишүүн болох Эрүүл мэндийн сайд Пилар Массети, Гадаад хэргийн сайд Элизабет Астат Родригес нар албан тушаалаасаа огцорчээ.


Перу улс 300 мянган тун бүхий вакцины эхний багцыг хоёрдугаар сарын 7-нд хүлээж авсан бөгөөд үүнээс хоёр хоногийн дараа хүн амаа вакцинжуулах ажлыг эхлүүлжээ. Тус улсад эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнууд вакцин хийлгэж байгаа бөгөөд дараа нь эрсдэлт бүлгийн хүмүүс хамрагдана.

Холбоотой мэдээ