Монгол бичгийн цахим хичээл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-16 14:27:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлийн шийдвэрээр Ардын багш Д.Төмөрийн “Монгол бичгээ эхлэн суралцах” цахим хичээл хоёрдугаар сарын 15-наас эхлэн суралцагсаддаа хүрч байна.

Энэхүү цахим сургалт нь аймгийн нийт төрийн албан хаагчид, иргэдэд монгол бичгээр унших, бичих анхан шатны чадвар олгож, ахих шатны түвшинд бэлтгэх зорилготой юм.

Сургалтын үеэр багш нарын заасан хичээл, зааврын дагуу “Монгол бичгээ 15 хоногт бие даан сурах анхны хичээлүүд” сурах бичгийг ашиглан бичих дадлага хийж, эхүүдийг хөрвүүлэн чадвараа шалгуулах аж.

Өчигдрийн байдлаар монгол бичгийн эхний видео хичээлийг нийт 4 523 хүн үзэж, тэднээс 127 удаа шэйрлэж, талархсан сэтгэгдлээ үлдээсэн байна.

Зарим сургууль тухайлбал, Эрдмийн далай цогцолбор сургууль зохион байгуулалттайгаар нийт багш ажилчдаа бүлэг болгон зохион байгуулан оролцож байна.

Ийнхүү аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн шийдвэрийн дагуу явуулж байгаа “Монгол бичгийн хичээл” зөвхөн төрийн албан хаагчдаар хязгаарлахгүй, нийт иргэнд хүрч, цар хүрээ нь улам тэлж байгаа юм. 

Холбоотой мэдээ