АНУ-д цасан шуурганы улмаас 3 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-02-16 11:55:16

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр урьд өмнө байгаагүй гэж нэрлээд буй цасан шуурга 150 орчим сая хүн амьдардаг, АНУ-ын "Midwest" буюу баруун дээд хэсгийн болон өмнөд хэсгийн 25 муж улсад үргэлжилж байна.


Байгалийн гамшигт Техас муж улс хамгийн их өртсөн байна. Тус муж улсад цасан шуурганы улмаас 2.8 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй болсон байна. Орегон муж улсад баруун эргийг дайрсан цасан шуурганы улмаас 300 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан тасарчээ. Миссисипи, Оклахома, Миссури, Арканзас муж улсуудад мөн хэдэн арван мянган хүн гэрэл цахилгаангүй байна. Өмнөд муж улсуудад урд өмнө болж байгаагүйгээр хүйтэрсний улмаас ус дамжуулах хоолойнууд хагарчээ.


АНУ-ын Цаг уурын албанаас мэдээлснээр, тус улсын 24 хотод эрс хүйтэрч, олон жилийн хамгийн дээд үзүүлэлтүүдийг эвджээ. Ойрын өдрүүдэд агаарын температур үүнээс ч доошилж болзошгүй байгааг цаг уурчид анхааруулж байна.


Техас, Оклахома, Арканзас муж улсуудын захирагч нар Үндэсний гвардын цэргүүдийг зам цэвэрлэх, гудамжинд байгаа хүмүүст туслах ажилд дайчлахыг үүрэг болгожээ. Эдгээр муж улсын оршин суугчдад автомашинаар зорчихоос татгалзахыг зөвлөж байна. Зарим хотод нийтийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.


Хамгийн хүчтэй шуурга зүүн хойд Мэн муж улсаас өмнөд Техас муж улс хүртэл 2500 гаруй км газар нутагт болжээ. Нийтдээ долоон муж улсад цаг агаарын таагүй байдлаас болж онц байдал зарласан байна.

Холбоотой мэдээ