Сарьдагийн хийдийн туурь

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-02-16 12:44:12

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутаг дэвсгэрт улсын хамгаалалтад 15 түүхийн дурсгал, аймгийн хэмжээнд 6 түүх, соёлын үл хөдлөх дурсгал байна. Үүний нэг бол тус аймгийн Эрдэнэ сум, Арцат Сарьдаг хэмээх газар орших Рибогэжайлинганданшадублин /Төгс баясгалант, буян арвижих, номлол бүтээлийн хийд (Их хүрээ) юм.

Уг хийд нь XVII зууны үеийнх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар, 2008 оны 175 дугаар тогтоолоор аймгийн хамгаалалтад авч байсан бол 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад тус тус авчээ.

Тус хийдийн тухайд Түшээт Хан аймгийн Дархан Чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтийн нурууны салбар Сарьдаг уулын энгэрт оршино. Бух ян, Сонгино ян, Ян Сарьдаг чандмалсан 3 уулын дунд орших энэхүү хийдийг анх Халхын Өндөр Гэгээн Занабазар өргөөгөө улам өргөтгөн шарын шашны төв болгохоор 1654 онд Арцат Сарьдаг уулын өвөрт Рибогэжайлинганданшадублин хийдийг байгуулжээ. Хийдийг албан ёсоор 1680 онд барьж дуусгасан байна. Гэвч энэ хийд Монголын шашны төвийн үүргийг төдий л удаан гүйцэтгэж чадаагүй бөгөөд 1687 онд Халх-Ойрадын үймээнд өртсөн гунигт түүхтэй.

Галдан бошигт Халхын нутгийн гүнд цөмрөн Хэрлэн гол, Хэнтий уул хүртэл давшихдаа Өндөр гэгээний байгуулсан уг хийдийг эвдлэн сүйтгэсэн бөгөөд Хийдийн туурин дээр багавтар сүмд XX зууны эхэн хүртэл хурал ном хурж байсан гэх аман яриа ч байдаг байна.

Ийнхүү 2020 онд У.Энхбаяр хийдийн гэрэл зургийг буулгасан хэмээн аймгийн Музейгээс мэдээлэв.

 

 

.

Холбоотой мэдээ