Сайн үйлсийн аян зорилгодоо хүрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-16 11:46:41

Архангай /МОНЦАМЭ/. Тариат сумын ЕБС-ийн багш Д.Мөнхбат, Суман багийн иргэн Н.Баярсайхан нар Хорго багийн иргэн С.Ганболдыг өргөө цагаан гэртэй болгох сайн үйлсийн аяныг өнгөрсөн оны 12-р сарын 23-наас зохион байгуулсан байна. Аян зорилгодоо хүрч, 4.567.000 төгрөг цуглажээ. Шинийн хоёрны өдөр С.Ганболдыг иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэрт нь урьжээ. Ёслолд сумын ЗДТГ-ын дарга Р.Түмэнбаяр, санаачлагч Д.Мөнхбат, Н.Баярсайхан, С.Ганболдын ангийн андууд нь байлцсан байна.

Аянд 100.000 төгрөг 7 хүн, сум дундын нэгдсэн эмнэлгийн хамт олон 240.000, АНУ-аас В.Чанар-Эрдэнэ 100 доллар, 2001 оны төгсөгчид 260.000 төгрөг, Хорго багийн малчин С.Батчулуун 2 хонь гэх мэт нийт 6 хонь гээд хөрш зэргэлдээ Хангай, Цахир сумаас 200-аад хүн хандив тусламж өгчээ. Одоо ч хандив өгье гэсэн иргэд хандсаар байгаа аж. Мөн С.Ганболдын ангийн нөхөд “Эльмеко” ХХК-ийн Г.Баттулга, Г.Хүрэлтулга, Ч.Түмэнжаргал нар 1.019.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч, зурагт авч өгсөн байна.

Алдаа, оноотой амьдралд хал үзэж, хашир суусан хүн шиг, алдахгүй ажрахгүй амьдрахыг С.Ганболдод хүрэлцэн ирсэн нөхөд нь захисан тухай мэдээллийг “Архангайн амьдрал” сонины Тариат суман дахь сурвалжлагч В.Хасбаатар мэдээллээ.

Холбоотой мэдээ