Бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийг чирэгдэлгүй нэвтрүүлэхийг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-13 15:50:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хөл хорионы үед шалган нэвтрүүлэх “Эмээлт” товчооны нөхцөл байдал, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажилтай танилцан, санал хүсэлтийг нь сонсов


Товчоодоор зайлшгүй орж, гарах шаардлагатай иргэдээс PCR шинжилгээний хариу, иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт зэрэгт үндэслэн түргэн шуурхай нэвтрүүлэхийг Засаг дарга тус товчоонд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад санууллаа. 


“Эмээлт” товчооны цаана байрлах суурьшлын бүсийн иргэдийг ч мөн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхэд үндэслэн чирэгдэлгүй нэвтрүүлэхийг үүрэг болгов. 


“Эмээлт” нь нийслэлээс баруун чиглэл рүү гарах хамгийн ачаалалтай товчоо юм. Ямар нэгэн тодорхой бус байдал, байгууллага хоорондын уялдаа холбоогүйгээс болж иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл, түвэг учруулж болохгүйг Хотын дарга онцолжээ.


Мөн тус товчоонд үүрэг гүйцэтгэж байгаа дээрх байгууллагын алба хаагчдын ажлын байрны нөхцөл ялангуяа дулаацах байр, бие засах газрыг ая тухтай байлгах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өгч, асуудлыг шийдвэрлүүлнэ гэв

 

Холбоотой мэдээ