Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч малчин өрх 181 мянгад хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч малчин өрхийн тоо өмнөх оныхоос 5,5 хувиар өсөж, 181 мянгад хүрчээ.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд 617,3 мянган хүн ажиллаж байгаа нь нийт хүн амын 19,4 хувийг эзэлж, ажиллах хүчний 26,7 хувийг бүрдүүлж байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, зах хязгаар нутгийг ашиглаж, хамгаалахад малчдын оролцоо улам бүр нэмэгдсээр байгааг ХХААХҮЯ-ны цахим хуудсанд мэдээлжээ.
Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, малчдын хөдөлмөрийн дүнд өнгөрсөн онд 22,3 сая толгой төл бойжуулснаар нийт мал сүргийн тоо 91 сая толгойд хүрсэн. Үүнээс 2020-2021 онд 24,6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тухай Үндэсний статистикийн хорооны дүн гарлаа. Ингэснээр 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 67,1 сая толгой мал тоологджээ.