Улаанбаатар хотоос PCR шинжилгээний бичиггүй хүмүүс иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-10 16:35:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын зөвшөөрлөөр Улаанбаатар хотод хөл хорионд орсон Баян-Өлгий аймгийн иргэдийг энэ сарын 5-9-ний өдрүүдэд татан авах ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас хоёрдугаар сарын 5-ны өдөр Баян-Өлгий аймаг руу буцах хүсэлтэй хүмүүсийн судаалгааг авахаад 256 хүн бүртгүүлжээ. Дараа нь энэ тоо 274 болж нэмэгдсэн байна.

Нутаг буцах хүмүүс нийслэлд  PCR шинжилгээ өгч, шинжилгээний хариу гарсны дараа 48 цагийн дотор хувийн унаагаар хотоос гарах ёстой. Энэ сарын 9-ний өдрийн байдлаар 31 тээврийн хэрэгслээр 164 хүн Баян-Өлгий аймагт иржээ. Мөн өнөөдөр замдаа ирж байгаа хүмүүс ч байгаа аж.

Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсийн дотор 27 хүн Шуурхай штабд бүртгүүлээгүй, зарим нь PCR шинжилгээгүй ирсэн гэдгийг эх сурвалж хэллээ.

Шинжилгээний бичиггүй хүмүүсийг тухай бүрд нь тусгаарлаж, Ховд аймаг руу сорьц явуулан PCR шинжилгээ хийлгэжээ. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.

Холбоотой мэдээ