Б.Жанчив: “Рич” брэндээ олон улсад таниулахыг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-10 17:40:27
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Органик гоо сайхны брэндийг Эрдэнэтдээ бий болгож, цаашид олон улсад бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж яваа “Рич” брэндийн үүсгэн байгуулагч, “Дэлгэрэх цомирлог” ХХК-ийн захирал Б.Жанчивтай ярилцлаа.  

“Рич” брэндийн бүтээгдэхүүний орцод нэг ч тогтворжуулагч, химийн найрлага ороогүй, цэвэр байгалийн түүхий эдээр хийдгээрээ онцлогтой. Анх зөвхөн ойр дотны хүмүүстээ бэлэглэх журмаар эхлүүлж байсан түүний бизнес өдгөө 10 гаруй салбараар борлуулалтаа түгээж, сардаа 3000 хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байнгын хэрэглэгчидтэй болж чаджээ.


-“Рич” брэндийг бий болгосон түүхээс яриагаа эхэлье. Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа хэзээ төрсөн бэ?

-  -Анх Монголын “Гоо”, “Lhamour брэндийн органик бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзээд маш их таалагдаж байсан. Бүтээгдэхүүнүүдийг нь байнга Улаанбаатараас аваад байх боломжгүй учраас эхний ээлжинд өөрөө хийж үзэх сонирхол төрж, хийж эхэлсэн. Өөрөө хийдэг болсноор хэрэглээнийхээ зардлыг бууруулж, худалдаж авснаас хямд өртгөөр хийх боломжтойг анзаарсан. Явцын дунд манай Эрдэнэтэд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл байдаггүй учраас бизнес болговол зүгээр юм байна гэсэн бодол төрсөн. Анх youtube-ээс бичлэг үзээд ванны бөмбөлөг хийж байлаа. Түүнээс хойш биотехнологич дүүтэйгээ хамтраад экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брэндүүд болон мэргэжлийн сайтуудаас санаа авч бүтээгдэхүүнээ хөгжүүлээд, өөрсдөө туршиж үзээд, хэрэгжүүлээд, сайжруулаад л өдөр бүр суралцсаар явна. Ингээд Эрдэнэтийнхээ хэрэглэгчдэд ойртуулж, хүртээмжтэй байлгах үүднээс “Рич Органик” ХХК- ийг дүүтэйгээ хамтраад байгуулсан.  Бид мэргэжлийнх  учраас бидэнд бүтээгдэхүүнээ ямар бол ямар болгож хөгжүүлэх бүрэн боломж байгаа. Цаашдаа гоо сайхны, арьс арчилгааны бүтээгдэхүүн рүү хөрвөх боломжтой нь бидний давуу тал гэж хэлж болно.

-    -Бизнесийн гараагаа эхлүүлж байхдаа хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв? Одоо хэдэн нэр төрөл болж өргөжсөн бэ?

-    -Сум хөгжүүлэх сангийн зээлийг 2020 онд авснаар бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх боломж гарч одоогоор нийт 24 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна.

-     -Бүтээгдэхүүний анхны хэрэглэгч хэн байсан бэ?

-   -Манай гэр бүл. Миний хийсэн ванны бөмбөлөгт манай гэр бүлийнхэн их дуртай. Манай аав гэхэд “Бөмбөлөг дуусчихлаа, авчраарай” гэдэг. Хүүхдүүд маань “Ванны бөмбөлөггүй бол усанд орохгүй шүү” гэдэг. Ванны бөмбөлөг хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэйгээс гадна усанд орох дуршлыг нэмэгдүүлдэг онцлогтой. Жишээ нь, манай бага хүү усны айдастай, усанд орох дургүй байсан. Ванны бөмбөлөг хийдэг болсноос хойш усанд оруулахдаа бөмбөлгөө хийгээд, хэдэн тоглоом хийчихээр их сонирхож усанд орох дуртай болсон. Ванны бөмбөлөг маань цусны эргэлтийг сайжруулж, биеийн алжаалыг маш сайн тайлдаг учраас ядарсан үедээ хэрэглэхэд маш сайхан амардаг.



      -Одоо хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-   -Дандаа цэвэрлэгээнийх. Мөн биеийн алжаал тайлах бүтээгдэхүүн байна. Цэвэрлэгээний бүтээгдэхүүнд хонины сүүлтэй саван, хүүхдийн гар угаах дуршлыг нэмэгдүүлэх зорилгоор тоглоомтой саван, нүүрстэй, цитрустай, чацарганатай саван  гэсэн таван төрлийн бүтээгдэхүүн байна. Алжаал тайлах бүтээгдэхүүнүүдэд ванны давс, ванны сүү, төрөл бүрийн давс, кофетэй биеийн гуужуулагч, гаатай, цайны хандтай, сарнайтай зэрэг ванны бөмбөгүүд төрөл бүрээрээ гарч байна. Хамгийн сайн борлуулалттай бүтээгдэхүүн маань ванны бөмбөлөг байдаг. Эдгээр нь цусны эргэлтийг сайжруулж, арьсны гүний бохирдлыг гадагшлуулж өгдөг онцлогтой. Кофетой биеийн гуужуулагч нь целлютийг арилгадаг, удаан хугацаагаар хэрэглэхэд язралтын сорвийг бүдгэрүүлдэг ач холбогдолтой. Хүүхдийн биеийн тос гэхэд шингэн хэлбэртэй, арьсанд хурдан шингэж гүн чийгшил өгдөг бол том хүний биеийн тос нь целлютийг багасгаж, турах процессийг эрчимжүүлдэг зэрэг бүтээгдэхүүн тус бүр өөр өөрийн онцлогтой.

-     -Ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс танайх юугаараа ялгаатай вэ?

-    -Манай бүх бүтээгдэхүүн Мэргэжлийн хяналтын газрын чанар аюулгүй байдлын болон оюуны өмчийн гэрчилгээтэй. Манайх цаашид олон улсад гаргах зорилгоор сууриа эртнээс бэлдэж, олон улсын сертификатыг сая 2020 оны сүүлээр авсан зэрэг бичиг баримт тал дээр сайн бэлтгэж байгаа.

-     -Олон улсын сертификат гэхээр яг ямар зориулалттай бичиг баримт гэсэн үг вэ?

-    -Олон улсад хүчинтэй бүтээгдэхүүний бар кодыг нэвтрүүлэх эрх олгох сертификат гэсэн үг. Бүтээгдэхүүн тус бүр өөр бар кодтой, олон улсад гаргахад ямар ч асуудалгүй гэсэн үг. Шат шатаар л ахиад явж байна даа.  

-    -Борлуулалтаа ямар сувгуудаар хийдэг вэ? Байгууллагуудтай хамтарч ажилладаг уу, эсвэл нэрийн дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ худалдаалдаг уу?

-    -Улаанбаатарт албан ёсны таван салбартай. Эрдэнэтэд эмийн сангууд, “Диана” гоо сайхны дэлгүүр, “Сакура” гоо сайхны салон зэрэг нийт 7 газраар борлуулалтаа хийж байна. Дээрээс нь “Рич” брэндийн пэйжээр дамжуулж захиалга авдаг. 2020 оны хавраас эрчимтэй борлуулалтаа хийж эхэлсэн. Үүнээс өмнө бүх л таньдаг хүмүүстээ  бэлэглэх журмаар явж байсан. Нэг хэрэглэсэн хүн “Өө, энэ чинь гоё бүтээгдэхүүн байна. Хэрэглэж үзэж байж л мэдлээ шүү дээ” гэдэг байсан. Нэг хэрэглэсэн хүн бол байнгын хэрэглэгч болдог. Борлуулалт маань 6-11 дүгээр сарын хооронд харьцангуй өндөр байж байгаад цар тахал гарснаас хойш буурсан. Сар бүрд харилцан адилгүй 500-3000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

-    -Бүтээгдэхүүнээ эхлүүлээд, туршаад явж байхад бүтэлгүйтэж байсан үе байдаг уу? 

-  -Бүтэлгүйтэл байсан. Хамгийн анх ванны бөмбөлөг хийж үзэхэд нөгөөх маань хоорондоо нягт барьцалдахгүй бутраад уначихдаг байлаа. Шинэ зүйл туршиж үзэх болгонд анхны удаа бол дандаа л бүтэлгүйтдэг. Бүтэлгүйтэл болгоны дараа яаж хийвэл сайжрах вэ, энийг нь ингэвэл яах бол, тэрийг нь тэгвэл яах бол гэж оролдож туршиж үзэж явсаар эцсийн бүтээгдэхүүн болдог.  Шинээр бүтээгдэхүүн гаргахад хүртэл хамтрагчтайгаа үндсэн орц найрлагыг нь судлаад, эх орны хөрсөнд ургасан байгалийн зэрлэг жимсүүдийг бүтээгдэхүүний орц найрлагад оруулвал яах бол зэргээр байнгын эрэл хайгуул хийж, туршилт явуулдаг. Ямар ч байсан эхний ээлжинд чацарганы тостой уруулын бальзамыг гаргаж авсан байна. Чацарганы тос нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, чийгшил өндөр өгдөг, арьсны дархлааг тэтгэдэг эмчилгээний өндөр ач холбогдолтой учраас сонгосон.

-     -Таны ойрын зорилго? Цаашлаад ирээдүйгээ том зургаар яаж харж байна вэ?

-     -Ойрын зорилт маань хатуу шампунь үйлдвэрлэе гэсэн бодолтой байна. Хатуу шампунь нь саван шиг хэлбэртэй, үсэнд чийг тэжээл өгдөг, үсийг гэмтээдэггүйгээрээ онцлог. Ирээдүйд олон улсад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн гоо сайхны брэндийг бий болгох зорилго тавин ажиллаж байна.

-     -Ярилцсанд баярлалаа.

 

 

 

Холбоотой мэдээ