ТИКА-гийн тусламж зорилтот бүлэгт хүрч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг ТИКА манай улсын ХНХЯ-тай хамтран "COVID-19" цар тахлын үед зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний тусламж үзүүлж байна. Энэ ажлыг ТББ, ААН, иргэд, олон улсын бусад байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Тусламжийг хүнс болон бусад зайлшгүй хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүний дэмжлэг хэрэгтэй байгаа нийслэлийн 7 дүүргийн зорилтот бүлгийн 2000 өрхөд хүргэж байна.
Хүнсний тусламжийн төслийн үйл ажиллагааг ТИКА-гаас өчигдөр ХНХЯ-нд хүлээлгэн өгч, өнөөдрөөс дүүргүүдийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний төвүүдээр дамжуулан өрхүүдэд хувиарлан олгож байна.
Тусламжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд ТИКА-гийн суурин төлөөлөгч У.Эмрах, орлогч дарга хатагтай Г.Сибэл болон ХНХ-ийн дэд сайд С.Зулпхар, нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр нар оролцлоо. Энэ үеэр ТИКА-гийн суурин төлөөлөгч, ноён У.Эмрах монголчуудад уламжлалт Сар шинийн баярын мэнд хүргээд, "Бид дэлхий нийтээр "COVID-19" цар тахалтай тулж, улс орнуудын эдийн засагт эмзэг тусаж байна. Ялангуяа өрхүүдийн амьжиргаа дордож байна.
Хүнсний тумламжид цар тахлын нөхцөлд орлого болон ажил хөдөлмөрөө алдаад буй хувиараа хөдөлмөр эрхэлж байсан иргэдийг мөн түлхүү хамруулж байна.
Монгол Улсад хэдийгээр цар тахлын хөл хорио тогтоод байгаа ч хүнсний дэмжлэг хэрэгтэй байгаа ядуу, эмзэг бүлгийн өрхүүдэд Цагаан сарын өмнө хүнсээр туслах хөтөлбөрийг эхлүүлж байгаадаа баяртай байгаа"-гаа илэрхийлэв.
Тэрээр энэхүү төслийг ХНХ-ийн дэд сайд С.Зулпхар санаачилсан бөгөөд хамтран ажиллаж байгаадаа бид баяртай байна гэв. ТИКА-гаас өнгөрсөн онд рамадан сарын үеэр мөн мянга гаруй айл өрхөд хүнсний тусламж үзүүлжээ. Ноён У.Эмрах ТИКА-гаас Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс малын тэжээл тариалах, хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх зэргээр хүнс, газар тариалангийн зэрэг салбар бүрд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйг дурдлаа. Нийт 720 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буйг тэрээр дуулгалаа.
ХНХ-ийн дэд сайд С.Зулпхар түүний үгийг баталж Монгол Улсын нийгмийн хамгааллын салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйг хэлж, "COVID-19" цар тахлын хөл хорионы нөхцөл байдлын улмаас тодорхой хэсэг, бүлгийн иргэдийн дунд хүнсний тусламжийн хэрэгцээ шаардлага нэмэгдсэн.
Өнгөрсөн хугацаанд ХНХЯ-наас 53 мянган өрхөд хүнсний тусламж, мөн 15600 өрхөд хүнсний бус тусламжийг хувийн хэвшил, ТББ, олон улсын болон төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хүргэх ажлыг зохион байгуулаад байна. Энэ мөчид цагаа олсон тусламж дэмжлэгийг үзүүлж буй ТИКА байгууллагынханд талархлаа илэрхийлж сэтгэлээсээ хүлээн авч буйг хэллээ.
Энэ удаагийн хүнсний багцад манай улсын үндэсний үйлдвэрлэгч "Алтан тариа" ХК-ийн гоймон, "Од" группийн гурил, "Стимо" үйлдвэрийн нарийн боов болон импортын ургамлын тос, угаалгын нунтаг зэрэг 10 нэр төрлийн бусад бүтээгдэхүүн багтжээ. Ийм 2000 ширхэг багцыг өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдээс эхлэн олголоо. Энэ талаар бид тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн Э.Буянжаргалаас тодруулав.
-Өнөөдөр нийт хэдэн өрхөд хүнсний тусламж хүргэж байна вэ?
-Эхний ээлжинд манай дүүргээс 250 өрх хамрагдаж, бид хүнсний багцыг дүүргийнхээ Онцгой комисстой хамтран зорилтот бүлгийн өрхийн гишүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахин хүлээлгэн өгч байна.
-Хүнсний дэмжлэг шаардлагатай өрхүүдийг хэрхэн сонгов?
-Бид хороодоор дамжуулан судлахаас гадна амьжиргааны түвшин доогуур буюу халамж үйлчилгээ авах, хүнсний талоноос хоцорсон болон өрхийн орлого тогтоосон босго оноооноос доогуур айл өрхүүдийг хамруулж байна. Мөн цар тахлын нөхцөлд орлого болон ажил хөдөлмөрөө алдаад буй такси үйлчилгээ үзүүлж байсан, гутал засвар ажиллуулж байсан зэрэг хувиараа хөдөлмөр эрхэлж байсан иргэдийг мөн түлхүү хамруулж байна гэв.
Гэрэл зургийг Г.Чинзориг