“Текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн дүрэм”-д ноос, ноолуурын 15 үйлдвэр нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн дүрэм”-д ноос, ноолуурын салбарын 15 үйлдвэр нэгдэж, гарын үсэг зурах ёслол цахимаар боллоо.
Энэ нь нэхмэлийн
салбар, ноос ноолуурын өртгийн сүлжээнд тогтвортой үйлдвэрлэл бий болгох зорилготой.
“Текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн дүрэм”-д нэгдсэнээр үйлдвэрүүд нийгмийн хариуцлагаа сайжруулах үүрэг хүлээж, үйл ажиллагаагаа байгальд ээлтэй, ногоон болгох, тогтвортой байдлаа зах зээлд таниулах, баталгаажуулах, сурталчлах, хэрэглэгчдэд байгаль орчин, нийгмийн хариуцлагын шалгуурын ахиц, дэвшлээ мэдээлэх, гадаад зах зээлд нэвтрэх боломж бүрдүүлэх чухал ач холбогдолтой.
Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монголын Ноос Ноолуурын Холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Европын Холбооны төлөөлөгчийн газрын дарга Пьер Ив Лука, AVSF байгууллагын суурин төлөөлөгч Гиюм Туати оролцов.