Халдварын эсрэг төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-08 10:46:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс 9 дүүргийн Онцгой комисс, дүүрэг хороодын Засаг дарга нартай өнөөдөр  уулзаж, хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.


Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор халдварын тархалтыг хумихад дүүрэг хороо, хэсгийн дарга нарын үүрэг оролцоо өндөр ач холбогдолтой байгааг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан онцлов.


Тэрээр, "COVID-19"-ийн цар тахлын үед иргэдийг хамгаалах, эдийн засгийг сэргээх арга хэмжээний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдаад, "Цар тахлын үед улстөржилт, талцалгүйгээр өргөн цар хүрээнд нэгдэн ажиллаж, хамтын хүчээр халдварыг  даван туулах болно. Үүний тулд дүүрэг хороо хэсгийн дарга нар иргэдээ үнэн зөв мэдээллээр хангах, нэгдсэн зохион байгуулалтайгаар шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна" гэв. 

Цаашид  эдийн засгийг сэргээх бодлого баримталж бүх нийтийн хөл хориог хязгаарлалгүйгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэхийн төлөө энэ удаагийн хязгаарлалтыг өндөр зохион байгуулалтайгаар хийх болно. Иймд цар тахлын эсрэг иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлж, ажиллах арга барилаа шинэчлэх, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байна.  УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дунд, анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстойг анхааруулж сануулав.


Холбоотой мэдээ