Ховд аймгийн хэмжээнд хорт хавдрын өвчлөл 17.5 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-04 18:09:00

Ховд /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбар байгууллагууд жил бүр хоёрдугаар сарын 4-ний өдрийг "Хавдрын эсрэг дэлхийн өдөр" болгон тэмдэглэж буй. 

Тус өдрийг тохиолдуулан Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хавдрын тасгаас “Хорт хавдраас урьдчилан сэргийлье” сэдэвт үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэ хүрээнд эмч нар амбулатори болон хэвтэн үйлчлүүлэгчдэд хавдрын талаарх ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга, эмнэлгийн байгууллагад эрт хандан эмчилгээ хийлгэхийн ач холбогдлын талаар мэдээлэл хийв.

Мөн зарим иргэдтэй ганцаарчилсан уулзалт хийж, зөвлөгөө өгчээ. Энэ үеэр үйлчлүүлэгч нарт 6 төрлийн 120 ширхэг зөвлөмж, гарын авлага, материал тараажээ.  

Ховд аймгийн хэмжээнд хорт хавдрын өвчлөл 2017 онд 190, 2018 онд 168, 2019 онд 201 бүртгэгдсэн байсан. Улмаар 2020 онд 166 болж, өмнөх оноос 17.5 хувиар буурсан байна.

Хорт хавдрын өвчлөл 1995 оноос хойш Монгол Улсын хүн амын дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж, сүүлийн таван жилд бүртгэгдсэн нийт хорт хавдрын 40 хувь нь элэгний хорт хавдар байгаа аж.

Монгол Улсын хувьд хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, эрт илрүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн гэж Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс мэдээллээ. 

Холбоотой мэдээ