Аймгийн Засаг дарга шударга, ёс зүйтэй төрийн албыг бий болгоход анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-04 13:00:07

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг мал аж ахуй, аялал жуулчлалын салбараа түшиглэн хөгжинө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын дарга, эрхлэгч нартай уулзан, дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийж, тодорхой үүрэг чиглэлийг өглөө. Тэрээр энэ үеэр Завхан аймаг мал аж ахуй, аялал жуулчлалын салбараа түшиглэн хөгжинө. Иймд хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих “Чинээлэг малчин” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд тодорхой бодлого барьж ажиллана. Мөн аялал жуулчлалыг түшиглэсэн эдийн засгийг бий болгох ёстой. Тиймээс Улаагчны Хар нуурыг түшиглэсэн аялал жуулчлалыг байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт амрах, үдлэх цэгүүдийг байгуулахаар тусгасан бөгөөд нутгийн иргэд орлого олох нөхцөлийг нь бүрдүүлж өгөх юм” гэж хэллээ.

 

Тосонцэнгэл суманд дулааны станц барина

-Улиастай суманд дулааны цахилгаан станцтай болсноор үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломж бүрдэж, инженерийн байгууламж бүхий орон сууцтай болно.

Цаашид аймгийн төвд орон сууцны хороолол, хотхонуудыг олноор нь бий болгох нөхцөл бүрдэх юм. 21-р зуун хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг шийдвэрлэснээр томоохон хороолол болгон хөгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн дэмжлэгтэйгээр Тосонцэнгэл суманд 30 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих ажлын техник эдийн засгийн үзүүлэлт, зураг төслийн ажлыг хийгээд байгаа. Дээрх бүтээн байгуулалтын ажлыг 14 сарын хугацаанд дуусгахаар төлөвлөөд байгаа. Ингэснээр инженерийн хийцтэй барилга байгууламж, цахилгааны өөрийн эх үүсвэртэй болохоос гадна үйлдвэрлэл үйлчилгээ хөгжинө. Үүнийгээ дагаад шахмал түлшний үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төслийг мөн боловсруулж байна. Аймгийн хэмжээнд нэгдсэн халаалтад холбогдоогүй цөөн хэдэн сум үлдсэн бөгөөд ирэх жилүүдэд үлдсэн сумдыг төвлөрсөн халаалтад холбоно. Цаашид халаалт чанартай байх, дулааны үнэ өртөг нь тухайн сумандаа тохирсон байхад анхаарч ажиллана” гэж мөн уулзалтын үеэр аймгийн Засаг дарга дуулгалаа.

 

Аз жаргалтай ажлын байр хөтөлбөр хэрэгжинэ

Ирэх дөрвөн жил Завхан аймаг төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхаарч ажиллана гэж аймгийн Засаг дарга уулзалтын үеэр хэллээ.

Тухайлбал аймгийн бүх төрлийн мэдээлэл, ялангуяа төрийн мэдээллийг иргэд нэг дороос авах боломжийг бүрдүүлнэ. Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагаанд удирдлагын системийг нэвтрүүлнэ. Төрийн албан хаагчдын мэргэшсэн, тогтвортой байдлыг хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэнэ. Шударга, ёс зүйтэй төрийн алба, төрийн албан хаагчийг төлөвшүүлэхэд хатуу анхаарч ажиллана. Төрийн албан хаагчид ажлын байрандаа хөгжих, эрүүл мэнддээ анхаарах боломжийг нь хангах зорилгоор “Аз жаргалтай ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Иймд албан байгууллагын удирдлагууд аймгийн Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч хамтран ажиллах ёстой гэж аймгийн Засаг дарга төрийн байгууллагын дарга, удирдлагуудад хэллээ. Түүнчлэн цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн мэдээллийг өгч, Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалтад хяналтад тавихад төрийн албан хаагчид хариуцлагатай ажиллахыг дахин сануулав. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын дарга, эрхлэгч нарын уулзалт шинэ мэдээлэл, хамтын ажиллагааны санал, хүсэлттэй тодорхой үүрэг чиглэл өгсөн уулзалт боллоо гэж аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв. 

Завхан аймгийн алба хаагчид баримтлах 9 зарчимтай

Завхан аймаг төрийн албан хаагчдын баримтлах 9 зарчмыг боловсруулж батлуулан 2018 оноос одоог хүртэл төрийн албан хаагчид мөрдөн ажиллаж байна.

Тус аймаг 2018 оныг сахилга хариуцлагыг сайжруулах жил болгон төрийн үйлчилгээг баг, иргэн бүрт хүргэж ажиллахаа зарлаж ажил хэрэг болгож байжээ. Тэгвэл 2021 онд мөн л төрийн албан хаагчдын ёс зүйг эрхэмлэсэн жил болгон зарлаж буй. Тиймээс төрийн үйлчилгээг хүргэх төрийн албан хаагчид сахилга хариуцлагатай, үнэнч шударга байх ёстой хэмээн үзэж байна. Завхан аймгийн төрийн албан хаагчдын баримталж буй зарчмыг сонирхуулахад. Зарчимд төрийн албан хаагч нь хариуцлагатай байх, хүнд сурталгүй, иргэдтэй ойр байж тэдний санаа бодлыг сонсдог байх, шударга авилгаас ангид байх, төрийн залгамж халааг хадгалах, шуурхай цаг хугацааг баримталдаг байна гэхчлэн 9 зарчмыг баталжээ. Энэхүү зарчмыг 2018 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөн ажиллаж байна. Ташрамд Монгол Улсын төрийн албан хаагчид төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг сахин мөрдөж үйл ажиллагаандаа шударга ёсны, хууль дээдлэх, тэгш байдал, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх. ёс зүйн зарчмыг баримтлан ажилладаг ажээ.

Холбоотой мэдээ