Хөл хорионы үеэр зөвшөөрөлтэй салбарууд хэвийн ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-03 21:09:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, энэ сарын 11-23-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор дээрх хугацаанд хэвийн ажиллах салбарыг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. 


Тодруулбал,

  • Цахилгаан дулаан, усан хангамж, ариутгал, татуургын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл хангах нийлүүлэх байгууллага
  • Шатахуун, түлшний хангамж
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, ханган нийлүүлэлт, супермаркет, хайпермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, нөөцийн мах, мал амьтны тэжээлийн худалдаа
  • Ариутгал, халдваргүйтгэл, хог хаягдлын цэвэрлэгээ
  • Банкны цахим үйл ажиллагаа, АТМ
  • Сайжруулсан түлшний  үйлдвэр, нийлүүлэлт, түгээлт, цэгүүд
  • Шуудан, харилцаа холбоо,
  • Хэвлэл мэдээлэл
  • Оршуулгын үйл ажиллагаа
  • Тусгай чиг үүргийн байгууллага
  • Хууль тогтоох дээд байгууллага
  • Төрийн  болон нутгийн өөрөө удирдах байгууллага /албан хаагчдын 15 хувь нь цагийн хязгаартай ажиллана/
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /УБТЗ, Чингис хаан нисэх буудал/
  • Мал амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  • Гадуур явах засвар үйлчилгээ
  • Тусгай үүрэг гүйцэтгэх үйлдвэрлэл, түгээлтийн тээврийн автомашин
Нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу тусгай горимд шилжиж зорчигчийн тоог хязгаарлана. Нийтийн тээврийн жолооч үйлчлэгч журам, зааврыг мөрдөн ажиллах бөгөөд цаг тутамд автобусны ариутгал, халдваргүйтгэлийг хийнэ. Ажиллах шаардлагатай иргэд ажлын үнэмлэх, ажлын газрын тодорхойлолтоо үзүүлж 08-18 цагийн хооронд зорчино.


Иргэд зөвшөөрсөн үйлчилгээ авахдаа, зөвхөн өрхийн нэг гишүүнийг гэрийн хамгийн ойр цэг рүү явуулна. Тухайн иргэн үйлчилгээ авах газраа заавал QR код уншуулах бөгөөд зөвхөн оршин суугаа газрынхаа хил хязгаар дотор зөөврийн ус, хоол хүнс, эм тариа зэрэг шаардлагатай бүтээгдэхүүнээ худалдан авна. Харин оршуулгын ажилд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс оролцоно гэдгийг Шадар сайд С.Амарсайхан санууллаа. 


Хөл хорионы үед аль болох гэрээс гарахгүй байх зарчмыг баримтлах бөгөөд гэрийн ойролцоо тодорхой хугацаанд гарахыг зөвшөөрөх юм.


Нийслэл рүү орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлаж зайлшгүй шаардлагатай эрүүл мэнд, онцгой байдал, тусгай чиг үүргийн болон оршуулгын үйл ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл зорчино. Ингэхдээ PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх аж. Харин яаралтай эмнэлгийн тусламж авах, хагалгаанд орох иргэдээс PCR шинжилгээг газар дээр нь авч нэвтрүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байвал дүрэм журмын дагуу зохицуулах ч тодорхой шаардлага тавих юм.


Шалган бүртгэх товчоогоор нэвтрэхдээ бүрдүүлэх бичиг баримтын хувьд, иргэний үнэмлэх, шинжилгээний бичиг, эмнэлгийн АМ/13 Б/13 тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатайг тэмдэглэв. 


Дээрх хугацаанд ахуйн архидалт, бөөгнөрөл бий болгохгүй байх талаар холбогдох байгууллага хатуу хяналт тавьж ажиллана гэлээ.

Холбоотой мэдээ