Ховд аймагт хаягийн мэдээллийн санг шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-31 22:38:01

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд эзэмшил бүхий газрын хаягийн мэдээллийг шинэчлэх, засварлах, тодруулга хийх зорилгоор мэргэжилтнүүд ажиллаж байна. 

Тодруулбал, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажлын баг энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хөдөөгийн 16 суманд ажиллаж буй.

Ингэхдээ сумдын нутаг дэвсгэрийн хаягийн зураг, мэдээллийн санг хянах, засварлах, шинээр үүсгэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Одоогийн байдлаар тус ажил хөдөөгийн 16 суманд 90 хувьтай үргэлжилж байна. Харин аймгийн төв буюу Жаргалант суманд 40 хувьтай явж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Хөдөөгийн сумдад эзэмшил бүхий газрын хаягийн мэдээллийг шинэчилж, засварлах ажлыг энэ оны нэгдүгээр сард багтаан дуусгана. Дараа нь аймгийн төв буюу Жаргалант суманд 7-14 хоногийн хугацаатай ажиллах замаар бүх хашааны газрын хаягжуулалтыг тодруулна. Улмаар нэгж талбарын дугаарыг тулгах ба талбайн хэмжээ, мэдээлэл зөрүүтэй, орц гарц нь тодорхойгүй байдлыг нягтлан цэгцлэхээр төлөвлөжээ.  

Энэхүү ажлын үр дүнд Ховд аймгийн хэмжээнд хаягийн мэдээллийн сан бүрэн шинэчлэгдэнэ. Цаашид хаягийн давхардал, зөрчил багасах, хаягжуулалт оновчтой болох, иргэд цахим хэлбэрээр хаягийн мэдээллийг нээлттэй авах боломж бүрдэх аж.   

Холбоотой мэдээ