Сансарт "ниссэн" гэрэл зурагчин

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-29 14:57:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орны хөгжил, бүтээн байгуулалтын түүхийг зуун жил бичилцэж буй Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт олон арван авьяаслаг, хөдөлмөрч сэтгүүлч, уран бүтээлчид ажиллаж улс орны амьдралын онцгой олон үйл явдлыг сурвалжилж ирсэн. Тэдний нэг нь гэрэл зурагчин, Соёлын тэргүүний ажилтан Сэрээтэрийн Батсүх юм.

Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг анхлан гэрэл зургийн хальсанд буулгаж байсан түүнтэй Монгол Улсын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа сансарт ниссэний 40 жил, МОНЦАМЭ агентлаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр ярилцлаа. Тэрбээр МОНЦАМЭ агентлагт 40 жил ажиллаж 2012 онд тэтгэвэртээ суусан уран бүтээлч юм. 


-Тухайн үед МОНЦАМЭ агентлаг, Улсын гэрэл зургийн газарт олон гэрэл зурагчин ажиллаж байсан. Чухам яагаад таныг сансрын гэрэл зурагчнаар сонгох болсон бэ?

-Залуу байсан болохоор тэр үү, бидний үед ЮНЕСКО-гийн гээд гадаад, дотоодод болдог байсан гэрэл зургийн уралдаан тэмцээнд бид их идэвхтэй оролцдог байлаа. Тухайн үед Улсын гэрэл зургийн газар чинь МОНЦАМЭ-гийн бүрэлдэхүүнд нэг редакц нь гэж байсан юм. 1976 онд юмдаг. Манай гэрэл зургийн газрын дарга байсан Б.Хичээнгүй гуай намайг нэг өдөр дуудлаа. Яваад ортол "Монгол хүн сансарт нисэх боллоо" гэж хэлсэн...


-Тэр үед их нууц байсан гэдэг. Тэгээд танд гэнэт хэлчихэж байгаа юм уу?

-Үгүй, одоо яах билээ, нууц байсан ч гэрэл зураг авах хүнд нь хэлж байгаа тэр байсан байх. Тэр үед чухам яагаад надад хэлэв гэсэн бодол тархинд орж ирж байсан. Арай би нисэх гэж байгаа юм биш биз дээ хэмээн санагдсан шүү. (инээв).


-Зураг авах ажил анх юунаас эхэлсэн бэ. Тэр үед хэн хэний зургийг авч байв?

-Тэр үед сансарт хэн нисэх гэж байгааг би мэдээгүй, ёстой нөгөө нууц нь байсан байх. Тухайн үед  сансарт нисэхээр 12 хүнийг бэлтгэж байсан юм билээ. Хүн бүрийн зургийг авдаг байлаа. Ер нь бол 1978 оны сүүлээр, тэр үеийн ШУА-ийн дэд ерөнхийлөгч байсан Б.Чадраа гуай надад энэ талаар анх албан ёсоор хэлснээр жинхэнэ ажил эхэлсэн гэж хэлж болно. 


Тухайн үед  сансарт нисэхээр 12 хүнийг бэлтгэж байсан юм билээ. Хүн бүрийн зургийг авдаг байлаа.


Маркын товчооны Раднаабазар надад олон зураг үзүүлдэг байсан. ШУА-ийн даалгавраар би "Болор" архи, "Нислэг" чихрийн сурталчилгааны зургийг авдаг байлаа. Тэдгээр чинь одоо монгол хүн сансарт нисэхэд зориулан гаргаж байсан бүтээгдэхүүнүүд юм шүү дээ. Үүний дараа зураг авалт жил хэртээ зогссон. Тэгснээ 1979 оны нэг өдөр намайг гэнэт дуудаж сансрын хичээлд суу гэдэг юм  байна.


Ингээд "Монголкино" үйлдвэрийн оператор З.Сүхбаатар, Дашдондог, найруулагч Г.Гомбо, Д.Жаргал гээд бидний таван хүн 14 хоног Лениний музейд сууж, атмосферийн даралт, энэ тэр гээд үзэж эхэлсэн юм. Угтаа сансарт "ажиллах" уран бүтээлчдийн багийг бүрдүүлж байсан нь тэр байлаа. Үүний дараахан 1980 онд Намын Төв хорооны Үзэл суртлын хэлтсийн дарга Ч.Түмэндэлгэр надтай уулзаад, "Чи их ядарч байх шиг байна. Хамт ажиллах өөр хүн ав" гэсэн. Ингээд нэг өдөр Төв хороон дээр мөн намайг дуудаж Ц.Нинаг авч ажиллуул гэснээр талийгаач маань бидний багт орсон юм.


Ингээд бид Москва явсан. Гэр бүлийнхэндээ ёстой нөгөө нууц гэдгээр удаан хугацааны томилолтоор хөдөө явлаа гэж хэлдэг байсан. Гэвч явдаг газар, авчирдаг бэлэг нь аргагүй өөр байсан болохоор ар гэрийнхэн, хүүхдүүд маань анзаардаг байсан байх л даа. 


Москвад бид очоод Ж.Гүррагчаа, М.Ганзориг хоёрын зургийг авч эхэлсэн. Тэр үед ч бид Монгол хүн сансарт нисэх эсэх, нисвэл чухам хэн нисэхийг мөн л мэдэхгүй байсан үе юм. 


-Монгол хүн сансрын уудамд анх ниссэн тэр торгон агшныг гэрэл зургийн хальсанд хамгийн түрүү буулган үлдээсэн тэр мөчийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Тиймээ, хүн бүрт эс тохиох тэр торгон үеэ санахад үнэхээр сайхан байлгүй яах вэ. "Союз-39" хөлгийг хөөрөхөд бид 200 метрийн зайд байж зураг авсан. Их гэрэл гялбаж цацраад сүртэй гэж жигтэйхэн. Тэр агшинд монгол хүн ертөнцөөс анх удаа тасарлаа даа гэсэн сэтгэгдэл төрж байсан. Харин тэднийг бууж ирэх үед үнэндээ муу юм бодогдсон шүү.

Яагаад гэвэл бид нисдэг тэргээр тэдний буух газарт очоод хээр аппарат хэрэгслээ зоогоод хүлээж байтал "Союз-39" хөлөг тойрог замаасаа салах ёстой цагтаа салсангүй гэж гэнэт зарлахад дотор харанхуйлж билээ. Монгол хүн сансарт анх нисчихээд бууж ирэхгүй болчих вий хэмээн ихэд эмзэглэж, "Арай ч дээ, Монголын минь заяа" хэмээн бодож нулимс унагаж байлаа. 


"Союз-39" хөлгийг хөөрөхөд бид 200 метрийн зайд байж зураг авсан. Их гэрэл гялбаж цацраад сүртэй гэж жигтэйхэн.



Тэр үед В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар дэлхийг 108 удаа тойроод байсан юм билээ. Харин хэдхэн хормын дараа сансрын хөлөг тойрог замаасаа саллаа гэж зарлангуут хэчнээн их баярласан гэж санана. Сэтгэл хөдлөөд бушуухан тэр газар нь  хурдан очиж үзье гэж бодогдож байсан. Нулимс асгараад зургаа ч олигтой авч чадаагүй санагдсан...


Гэвч тэр авч чадсан. Тэр зургууд өдгөө Монгол хүн анх сансарт ниссэний түүх болон үлдсэн юм. Тэрбээр "Би сансарт ниссэн хүн" гэж хэлэх дуртай нэгэн билээ. С.Батсүх нь гэрэл зурагчин Ц.Нина, С.Лхагвасүрэн нарын хамт Монгол хүн сансарт ниссэний 20 жилийн ойгоор сансрын гэрэл зургуудаараа хамтарсан үзэсгэлэн гаргаж байв. 


С.Батсүх ярилцлагынхаа төгсгөлд нь "Бидэнд тэр үед урт түрийтэй усны гутал, тусгай хүрэм өгснийг санаж байна. Яагаад өгснийг тэр үед би мэдээгүй. Хожмоо бодоход сансрын хөлөг буусан газрын нөхцөл байдалд зориулан өгсөн байх. Монгол хүн сансрын уудамд зовлонгүй нисээд ирлээ хэмээн сэтгэл их хөдлөөд уйлж байснаа л сайн санаж байна" гэв. 


Ярилцсан Б.Болд


Холбоотой мэдээ