Дэлхий даяар гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-01-25 12:24:11

ЖЕНЕВ. /TASS/. Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын гадаадын шууд хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан бол энэ онд 5-10 хувиар буурах төлөвтэй байна. Ийм таамаглалыг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (ЮНКТАД) гаргажээ.


2020 онд дэлхийн улс орнуудын гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны 1.5 их наяд ам.доллартай харьцуулахад 42 хувиар буурч, 859 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын дараах үзүүлэлтээс 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт болохыг онцолсон байна.


"Дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал 2021 онд сул хэвээр байна" гэж ЮНКТАД-ын Хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийн газрын захирал Жеймс Жан Женевт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. ЮНКТАД-ын урьдчилан таамагласнаар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 5-10 хувиар буурах төлөвтэй байна.


Шилжилтийн эдийн засагтай орнуудад өнгөрсөн 12 сарын хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурч, 13 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 77 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд 2002 оноос хойш бүртгэгдсэн хамгийн доод түвшин юм.


ЕХ-ны орнуудад дээрх үзүүлэлт гуравны хоёроор буюу 373 тэрбум ам.доллароос 110 тэрбум ам.доллар болж буурчээ. Уналт Герман, Франц, Итали, Австри зэрэг ЕХ-ны 17 улсад бүртгэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ынх 134 тэрбум ам.доллар болж, 49 хувиар буурчээ.


Харин Хятад улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 4 хувиар, Энэтхэгийнх 13 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.  Ерөнхийдөө хөгжиж буй орнуудын үзүүлэлт (12 хувь) аж үйлдвэржсэн орнуудынхтай (69 хувь) харьцуулахад харьцангуй бага хувиар буурсан байна.


 


Холбоотой мэдээ