Ясүхиро Ямашита: Олимпын наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-23 13:13:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Tокио-2020" Зуны XXXII олимпын наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн, олимп, дэлхийн аварга, домогт жүдоч Ясүхиро Ямашита бүх Үндэсний олимпын хороодод албан захидал илгээсэн байна.


Уг захидалд: "Цар тахлын амаргүй цаг үед үүний эсрэг тэмцэж буй даян дэлхийн олимпын андууддаа талархаж буйгаа илэрхийлье. Энэ сарын долооны өдөр Японд онцгой байдал зарлан, цар тахлын хурцдалыг намжаахын төлөө зүтгэж байна. Орон орны тамирчдыг онцгой анхаарч, энэ үйл хэрэгт ҮОХ-дын тусламж дэмжлэг, хамтын ажиллагаа туйлын чухал. Зохион байгуулагч орны ҮОХ-ны хувьд бид Олимпын наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулах итгэл төгс зорилттой. Япон улсад олон ургалч санаа бодол сонсогдож буй ч олон орны тамирчдын дэмжлэгийн дуу хоолой, олимпын наадмын төлөө итгэл найдвар биднийг урамшуулж байна. Японы ҮОХ нь ОУОХ-той хамтран, тэдний дуу хоолойг нэгтгэн, нэгэн багийг бүрдүүлэх болно. Ингэснээр эргэлзэн түгшиж буй зарим тамирчдад тус дөхөм үзүүлэх нь дамжиггүй. "Токио-2020" олимп нь Олимпын хөдөлгөөний үнэлж баршгүй үнэ цэнэтэй өв соёлыг хүн төрөлхтөнд хүргэх асар том боломж билээ. Та бүхэнтэй VII сард Япон улсад учран золгохын ерөөл тавья !" хэмээн  дурджээ.





Холбоотой мэдээ