Монголын Хөрөнгийн биржээс Торонтогийн бирж рүү хувьцаа хөрвүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-22 16:38:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хөрөнгийн зах зээлд "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК Монголын Хөрөнгийн бирж болон Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй байдаг.

Тодруулбал, Монголын Хөрөнгийн бирж нь "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" /ERDN/-ийн нийт хувьцааг бүртгэж, тус компанийн хувьцаа Монголын болон Торонтогийн хөрөнгийн бирж хооронд хөрвөн арилжих боломж бүрдсэн. 


Давхар бүртгэлтэй үнэт цаасны бирж хоорондын хөрвүүлэлтийг амжилттай хийв.


“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг манай улс 2013 онд баталснаар үнэт цаасны давхар бүртгэлийг нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдсэн юм. Улмаар үнэт цаасны давхар бүртгэлийн ажиллагааг зохицуулах “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам”-ыг СЗХ болон МХБ-ийн хамтарсан ажлын хэсгээс боловсруулж, СЗХ-ны 2017 оны 223 тоот тогтоолоор баталсан. 

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн хувьцаа хөрвүүлэх анхны хүсэлтийг "БиДиСЕК ҮЦК" ХК-аас 2021 оны 1 дүгээр сарын 15-нд гаргаж, улмаар Монголын Хөрөнгийн биржээс Торонтогийн Хөрөнгийн бирж рүү хувьцааг амжилттай хөрвүүлээд байна. 

Хувьцааг хил дамнуулан хөрвүүлэх нь хөрөнгө оруулагчид аль өндөр ханштай зах зээлийг сонгон хувьцааг арилжих, улмаар ханшийн тэнцвэртэй байдал хангагдах, дотоодын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх, хөрвөх чадварыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

Монгол Улсад хөрөнгийн зах ээл үүсэж, Монголын Хөрөнгийн бирж байгуулагдсны 30 жилийн ойн босгон дээр ийнхүү Монголын үнэт цаас, хувьцаа олон улсын бирж рүү гарав. 


Холбоотой мэдээ